Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Орост болох "Ялалтын баярын парад"-нд оролцох төлөвлөгөө цуцалжээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Орост болох "Ялалтын баярын парад"-нд оролцох төлөвлөгөө цуцалжээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 9 /2025.05.09/-нд ОХУ-ын Москва хотод болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох төлөвлөгөөгөө цуцалсан байна. Энэхүү шийдвэр нь Пакистантай үүссэн хурцадмал байдалтай холбоотой бөгөөд Энэтхэгийн эрх баригчид аюулгүй байдлын үүднээс ийм шийдвэр гаргажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар олон улсын удирдагчид, тэр дундаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг 20 гаруй орны төрийн тэргүүнүүд энэхүү арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байгаа ч Энэтхэгийн Ерөнхий сайд оролцохгүй гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдсэн байна.

Энэтхэгийн Засгийн газар тус арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Раджнат Сингхийг төлөөлөгчөөр илгээх боломжийг хэлэлцэж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг удахгүй зарлах төлөвтэй байгаа аж. Энэхүү шийдвэр нь Энэтхэг, Пакистаны хоорондын хурцадмал байдал нэмэгдэж, бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдалд хүргэж байгаа тул олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна.

Эх сурвалж: BBC