АНУ болон Украин улс байгалийн баялгийн салбарт хамтран ажиллах түүхэн гэрээнд 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрээний хүрээнд хоёр улс “АНУ-Украины Сэргээн Босголтын Хөрөнгө Оруулалтын Сан”-г байгуулж, Украины ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, ховор элемент зэрэг байгалийн баялгийг хамтран ашиглах, эдийн засгийн сэргээн босголтыг дэмжих зорилготой аж.
Тус гэрээнд, "Украин улс өөрийн байгалийн баялгийн эзэмшил, ашиглалтын эрхийг бүрэн хадгална. Ашигт малтмалын олборлолт, ашиглалтын шийдвэрийг Украин дангаараа гаргах бөгөөд төрийн өмчит компаниудын хяналт хэвээр үлдэнэ" гэжээ. Мөн "АНУ болон Украин тэнцүү эрхтэйгээр удирдаж, хөрөнгө оруулалтын сан байгуулж, шинэ лицензүүдээс олсон орлогыг 10 жилийн хугацаанд зөвхөн Украины эдийн засгийн сэргээн босголтод зарцуулна" гэж заасан байна.
Тус гэрээнд "АНУ-ын Олон улсын санхүүгийн корпораци тус сангийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, АНУ, Европын холбоо болон бусад холбоотон орнуудаас хөрөнгө татах, технологи нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлнэ.
АНУ-ын өмнө нь үзүүлсэн цэргийн болон эдийн засгийн тусламжийг өр төлбөрт тооцохгүй бөгөөд гэрээний хүрээнд Украиныг өрийн дарамтад оруулахгүй байх нөхцөлийг тусгасан" талаар BBC агентлаг мэдээлжээ.
Тэгвэл Украины Ерөнхий сайд Денис Шмихаль энэхүү гэрээг “тэнцвэртэй, ашигтай” хэмээн тодорхойлж, Украины бүрэн эрхт байдал, Европын холбоонд нэгдэх зорилготой нийцэж буйг онцолсон байна. Харин АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэхүү гэрээг “түүхэн эдийн засгийн түншлэл” хэмээн нэрлэж, Украины эдийн засгийн сэргээн босголт, аюулгүй байдлыг дэмжихэд чухал алхам болсон гэж мэдэгджээ.
Энэхүү гэрээний хүрээнд Украин улс дэлхийн зах зээлд ховор элемент, газрын тос, байгалийн хий зэрэг стратегийн ач холбогдолтой нөөцөө нийлүүлэх боломжтой болж байгаа бөгөөд энэ нь тус улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх аж.
Эх сурвалж: BBC