Д.Трампын тусгай элч С.Уиткоф ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзаж Украины дайныг зогсоох санал тавьсан ч, "татгалзсан" гэж Bloomberg мэдээлжээ

Д.Трампын тусгай элч С.Уиткоф ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзаж Украины дайныг зогсоох санал тавьсан ч, "татгалзсан" гэж Bloomberg мэдээлжээ

Bloomberg агентлагийн өчигдөр /2025.04.29/ нийтлэлд дурдсанаар, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стив Уиткоф ОХУ-ын удирдач В.Путинтай уулзаж, Украины дайныг одоогийн фронтын шугам дээр зогсоох саналыг тавьсан байна.

Гэвч В.Путин энэхүү саналыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Зүүн Украины Запорожье, Херсон, Донбассын бүс нутгийн Украины хяналттай үлдсэн хэсгүүдийг ОХУ-д шилжүүлэхийг энхийн гэрээний заавал биелүүлэх нөхцөл болгон тавьсан. Энэхүү нөхцөл нь Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж байгаа тул Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Европын холбоотнуудынх нь эрс эсэргүүцэлтэй тулгарч байна.

В.Зеленский Украины газар нутгийг ОХУ-д шилжүүлэх ямар ч саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн гэжээ.

Одоогоор энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон бөгөөд цаашид ахиц гаргахын тулд Д.Трамп, В.Путин нарын шууд уулзалт шаардлагатай байж магадгүй гэж Bloomberg онцолсон байна. Гэсэн хэдий ч, ОХУ Украины эсрэг довтолгоогоо үргэлжлүүлж байгаа нь энхийн хэлэлцээг улам хүндрүүлж байгаа ажээ.

Д.Трампын засаг захиргаа энхийн гэрээний хүрээнд ОХУ-ын эсрэг зарим хориг арга хэмжээг цуцлах, Украины НАТО-д элсэхийг хориглох зэрэг саналуудыг дэвшүүлсэн нь АНУ-ын уламжлалт гадаад бодлоготой зөрчилдөж, Европын холбоотнуудын дунд түгшүүр төрүүлж байгаа талаар тус нийтлэлд дурдсан байна. Учир нь энэхүү нөхцөл байдал нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байгаа тул олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна гэжээ. 

Эх сурвалж: Bloomberg