Өчигдөр /2025.04.29/ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Мичиган мужийн Уоррен хотод болсон цугларалтад оролцож, хоёр дахь бүрэн эрхийнхээ эхний 100 хоногийг тэмдэглэн үг хэлжээ. Тэрээр өөрийн засаг захиргааны эхний гурван сарыг “АНУ-ын түүхэн дэх хамгийн амжилттай 100 хоног” хэмээн тодорхойлж, цагаачлалын хатуу бодлого, эдийн засгийн шинэчлэл, төрийн зардлын бууруулалтыг гол амжилтаараа нэрлэсэн байна.
Тодруулбал, Д.Трамп цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээгээ онцолж, хууль бус цагаачдыг олноор нь албадан гаргаж, хил хамгаалалтыг чангатгасан тухайгаа дурдсан байна. Тэрээр мөн хууль бус цагаачдын хүүхдүүдэд төрөх эрх олгохыг зогсоох захирамж гаргаснаа мэдэгдсэн байна.
Мөн Д.Трамп эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор импортын бараа бүтээгдэхүүнд өндөр тариф тогтоосон тухайгаа дурдсан байна. Тэрээр цалин, тэтгэвэр, илүү цагийн орлогод ногдуулах татварыг цуцлах “хуулийн төсөл”-ийг танилцуулж, энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том татварын бууралт болохыг амласан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп төрийн байгууллагуудын зардлыг бууруулахын тулд олон мянган төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлж, зарим агентлагуудыг татан буулгасан тухайгаа мэдэгдсэн. Тэрээр энэ үйл ажиллагааг хэт эрх мэдлийг хязгаарлах алхам гэж тодорхойлжээ. Улмаар Д.Трамп цаашид цагаачлалын эсрэг арга хэмжээг үргэлжлүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих шинэ бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC