Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа Асиф "Samaa" телевизэд өгсөн ярилцлагадаа Энэтхэг, Пакистаны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэл ойрын хэдэн хоногт бий болж байгааг анхааруулжээ.
Тэрээр, “Бүс нутагт дайны үүлс хуралдаж байна" гэж мэдэгдсэн бөгөөд Пакистан улс цэргийн бүх салбарт өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн гэж нэмж хэлжээ. Мөн тэрээр дайн 2-4 хоногийн дотор эхлэх магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд Энэтхэгийн талаас сүүлийн үед авч хэрэгжүүлж буй цэргийн хөдөлгөөн, өдөөн хатгалтыг ноцтойгоор харж байгаагаа дурджээ. Харин Энэтхэгийн Засгийн газар одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна. Олон улсын шинжээчид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд аль аль талд хурцадмал байдал нэмэгдэх хандлагатай байгааг онцолжээ.
Сонирхуулахад, Энэ сарын 22 /2025.04.22/-ны өдөр Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирын Пахалгам хотод болсон террорист халдлага нь хоёр орны харилцааг хурцатгасан гол шалтгаан болсон юм. Уг халдлагад 26 энгийн иргэн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан бөгөөд “The Resistance Front” гэх бүлэглэл хариуцна гэдгээ хүлээсэн. Харин Энэтхэгийн тал уг бүлэглэлийг Пакистаны дэмжлэгтэй гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: NEXTA