“Казатомпром” (Самрук-Казынагийн охин компани) болон Монголын “Мон-Атом” компани Монгол Улсад ураны хамтарсан хайгуул, олборлолтыг хийхээр болсон талаар Казахстаны “Казатомпром” мэдээлжээ.
Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Казахстан Улс статусаа улам бэхжүүлэхийг зорьж байгаа бөгөөд "Мон-Атом"-той түншлэх нь энэ чиглэлд чухал алхам болно хэмээн үзэж байгаа аж. Шинэ хамтын ажиллагаа нь “Монголд ураны хайгуул, олборлолтын чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх хэтийн төлөвийг нээж байгаа нь хоёр тал ураны салбарт байр сууриа бэхжүүлэх боломжийг олгоно" гэж уг компанийн мэдэгдэлд дурджээ. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын Улаанбаатарт хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр уул уурхайн компанийн стратегийн хамтын ажиллагааны тохиролцоонд хүрсэн. Тодруулбал, Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын нэг чухал үр дүн бол “Казатомпром” болон “Мон-Атом” компанийн хооронд түншлэлийн харилцаа тогтоохоор тохиролцсон явдал юм.
“Бид энэ салбарыг байгаль орчинд ээлтэй, аюулгүй хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Казахстан, Монголын олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэхэд тусална гэдэгт итгэлтэй байна” гэж Казатомпром компанийн ТУЗ-ийн дарга Мейржан Юсупов хэлжээ.
Мөн мэдэгдэлд “Казатомпром”, “Мон-Атом” компаниуд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд олон улсын ураны зах зээлд хоёр компанийн байр суурийг бэхжүүлэх зорилгоор хамтарсан санаачилга хэрэгжүүлэх боломжийг авч үзэхээр төлөвлөж байна гэв.
Харин үүний хариуд Их Британийн Нью Цөмийн ажиглалтын хүрээлэнгийн (NNWI) Төв Ази дахь зөвлөлийн төлөөлөгч, Казатомпромын ТУЗ-ийн гишүүн Бауыржан Ибраев үндэсний компани Йорданд уран олборлох ажлыг эхлүүлэхгүй гэж мэдэгдсэн аж. Казатомпром бол дэлхийн ураны үйлдвэрлэлийн 20 орчим хувийг эзэлдэг уран олборлогч томоохон компани юм. Тус компани одоогоор ураны бүх олборлолтыг зөвхөн Казахстанд хийж байсан бол ийнхүү Монголд уран олборлох ажлыг албан ёсоор эхлүүлэх гэж байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: Казахстаны "Казатомпром" компанийн цахим хуудас