“УБ палас”-ын концертын их танхимыг хааж, нураах болсон талаар өмнө нь бид мэдээлж байлаа. Гэхдээ яг хэзээ хааж, нураах эсэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл энэ даваа гарагт буюу гуравдугаар сарын 10-ны өдөр УБ паласт хамгийн сүүлийн урлагийн тоглолт болоод үүд хаалгаа барьжээ. Улмаар бүх ажилчдаа явуулж, хаалгаа барьсан байна.
ВИДЕО:
-“УБ ПАЛАС”-ЫН КОНЦЕРТЫН ИХ ТАНХИМЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН ХУДАЛДАН АВЧЭЭ-
“УБ палас”-ын барилгыг энэ оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн хамаарал бүхий “Хурд стандарт” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан байгаа юм.
Хамаарал бүхий гэдгийн учир нь “Хурд стандарт” компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэл бөгөөд Б.Чойжилсүрэн уг компанид хувьцаа эзэмшдэг байна.
Мөн газрын талаарх нээлттэй мэдээллээс харахад энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр “Хурд стандарт” ХХК-ийн нэр дээр уг барилга шилжсэн бөгөөд энэ даваа гарагт буюу гуравдугаар сарын 10-ны өдөр хамгийн сүүлийн урлагийн тоглолт “УБ палас”-т болоод хаалгаа барьжээ.
Энэ талаар бид холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Зарсан нь үнэн. Оронд нь ямар барилга барих талаар мэдэхгүй байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өгсөн юм.
-Б.ЧОЙЖИЛСҮРЭН УГ БАЙРШИЛД “БЕТОНОН ШИРЭНГЭ” БОСГОЖ МАГАДГҮЙ БАЙНА-
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн барилгын бизнес эрхэлдэг. Тэр бол Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх, Сансарын И-Март орчмыг “бетонон ширэнгэ” болгосон хүн. Энхтайваны гүүрний урд байгаа “КН” апартмент, 780 айлын “Цэнгэлдэх” хотхон, 132 айлын “Наран тауэр”, 832 айлын “Сансар гарден”, 160 айлын “Энхтайван” хотхон Б.Чойжилсүрэнгийнх. Цаашлаад, “Төв цэнгэлдэх”-ийг тойрсон “Рапид харш”, “Академи” хотхон, “Хүннү 2222”, “Хүннү плас”, “Хүннү стандарт” хотхонуудыг Б.Чойжилсүрэн барьсан. Өнөөдөр Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх орчимд бараг машин зөрөх нь битгий хэл мод тарих ч зайг үлдээлгүй “бетонон ширэнгэ” төвлөрлийг Б.Чойжилсүрэн бий болгож, асар их ашиг олсон.
Иймд “УБ” палас орчимд олон тооны орон сууцны хороолол барьж, “бетонон ширэнгэ” болгохоор төлөвлөж байж магадгүй байна. Хэрэв уг байршилд олон тооны орон сууцны хороолол баригдвал асар их төвлөрлийг бий болгож, түгжрэлийг нэмэгдүүлнэ. Хотыг хумьж биш тэлж хөгжүүлэх хэрэгтэй байгаа талаар инженерүүд хэлдэг. Гэтэл энэ мэт хотын төв бүсэд олон тооны орон сууцны хороолол баригдах нь төвлөрлийг бий болгож, түгжрэлийг улам л нэмэгдүүлнэ.