Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдах “Бүх нийтийн гүйлт-2025” арга хэмжээ ирэх бямба гарагт /2025.09.20/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэ үеэр 10 км, 21 км, 42 км зай болон пара төрөлд шилдэг оролцогчдыг тодруулна. Харин 5 км бүх нийтийн гүйлт нь насны ангилалгүй болно.
Энэ жилийн гүйлтийн үеэр фитнесс, шугаман бүжиг, иог, гар дээр суниалт, гийр зэрэг иргэдэд нээлттэй үйл ажиллагаа болно. “Бүх нийтийн гүйлт-2025” арга хэмжээг угтан Марафоны экспог зохион байгуулж, олон нийтэд тус гүйлтийн арга хэмжээг таниулахаас гадна хөгжлийн бэрхшээлийн талаар нийгэм дэх ойлголт, хүмүүсийн хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, нийгмийн харилцааг нь спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой болно. Уг экспо энэ сарйн 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.