Л.Мөнхбаатар: Намуудын дүрэм, хөтөлбөрөө шинээр бүртгүүлэх хугацааг 2027 он болгосон нь арай хол байна гэж МАН-ын бүлэг үзэж байгаа

Л.Мөнхбаатар: Намуудын дүрэм, хөтөлбөрөө шинээр бүртгүүлэх хугацааг 2027 он болгосон нь арай хол байна гэж МАН-ын бүлэг үзэж байгаа

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн  хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Ерөнхийлөгч 2025 оны төсвийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг нэг удаагийн дэгээр хэлэлцэхээр болсон ч УИХ-аар дэмжээгүй учраас  2025 оны төсвийн төслийг Засгийн газарт нь буцаасан. Ингэснээр Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д дахин өргөн барьсан юм. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан " 2025 оны төсвийн тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль нь хоорондоо ялгаатай. 2025 оны төсвийн төслийг УИХ-аар өргөн хүрээнд, хүртээмжтэйгээр 70 гаруй хоног хэлэлцсэн. Тэгэхээр дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тэгэхээр есдүгээр сарын 01-ний өдөр өргөн барьсан төсвийн үндсэн суурин дээр Ерөнхийлөгчийн хориг болон УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу засваруудыг хийгээд өргөн барина. Анхан шатнаас нь дахин тоонуудыг цуглуулах шаардлагагүй гэж харж байгаа. Хялбаршуулсан байдлаар бэлдэж хуулийн төслийг өргөн барьсан. Бүлгээс 100 хувь дэмжиж, яаралтай горимоор хэлэлцэхээр болсон. Үүнийг хэлэлцээд УИХ-аар батлагдсаны дараа 2025 оны төсвийг өргөн барих боломж бүрдэнэ. 12 дугаар сардаа  багтан 2025 оны төсвийг хэлэлцэж батлах ёстой. Үүний дараа нийслэл, орон нутгийн төсвийг хэлэлцэх учраас хүлээх шаардлагатай" гэлээ. 

Харин МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар "Бүлгүүдээр дэмжчихвэл үргэлжлүүлэн 14.00 цагт УИХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж Төсвийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Маргааш мөн УИХ хуралдаж эцэслэн батална. Үүний дараа 2025 оны Төсвийн төслийг өргөн барина. МАН-ын бүлэг Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ хугацааг хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцэнэ. Улс төрийн намын тухай хуулийн дагуу намуудын, дүрэм, хөтөлбөрөө шинээр бүртгүүлэх хугацааг 2027 оны 8 дугаар сарын 02-ны өдөр болгож байгааг арай хол байна гэж үзэж байгаа. Ажлын хэсэг хуралдаагүй байгаа учраас тодорхой хугацаа хэлэхэд эрт байна. Аль болох богино хугацаанд намууд дүрмээ бүртгүүлж цэгцэндээ орох нь зүйтэй гэж үзсэн" гэв.