УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.28/ хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн барьсан Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Олон дэвшилтэд заалтуудыг оруулсан сайн хууль болсон. Намын дүрмийг шинэчлэх нь амаргүй учраас цаг хугацааны хувьд амжихааргүй байгаа юм. Тиймээс хугацааг хойшлуулахыг дэмжиж байна. Улс төрийн намууд хуулиндаа нийцүүлж, дүрмээ сайн боловсруулах ёстой. Дээрээс нь хууль тогтоомжийн тухай хуулийн 41.10 дугаар заалтыг зөрчсөн юм уу, үгүй юм уу. Нийгэмд зөрүүтэй ойлголт байна. Үүнд хариулт авмаар байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас зургаан нам л санхүүжилтээ ил болгосон. Бусад намын санхүүжилт ил тод биш, хурал зөвлөгөөнөө цаг тухайд нь хийдэггүй, хааяа нэг идэвхждэг. Үүнийг хуульчлаад улс төрийн намын шинэчлэлийг хийхгүй бол болохгүй гэж үзсэн. Намыг институди болгож төлөвшүүлэхгүй бол эргээд төр бүрэлдэхэд хариуцлагагүй байдал бий болох нь гэж үзээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж баталсан. Маш том дэвшил ч авчирсан. Энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш 7 улс төрийн нам Улсын дээд шүүхэд шинээр бүртгүүлэх, дүрмээ нийцүүлэх хүсэлтийг өгсөн юм байна. Дагаж мөрдөх журмын хуулийн дагуу 2 дугаар зүйл дээр Улсын дээд шүүхэд үүрэг болгосон нэг заалт бий. Тэр заалт нь 7 дугаар сараас хойш зургаан сарын хугацаанд шат, шатны хурлаа хийгээд дүрмийнхээ саналыг аваад улс төрийн намын хуулийн дагуу шаардлагуудыг биелүүлээд 2025 оны нэгдүгээр сарын 01-ээс 30 хоногийн дотор шинэчилсэн дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэх заалт бий. Өнөөдөр гишүүдийн дунд яригдаад байгаа хууль зөрчсөн эсэх дээр хэлэхэд Улс төрийн намын тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжээд эхэлсэн. Хуулийн үйлчлэх хугацаанд ямар нэгэн өөрчлөлт оруулж буй зүйл байхгүй. Гагцхүү шинэ дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ гэсэн заалтын хэрэгжих хугацааг хойшлуулахгүй бол парламентад суудалгүй намууд чинь шинэ хуулийн дагуу тавигдах шаардлагыг биелүүлэхгүй байгаа юм. Энэ хугацаанд дүрмээ шинэчилж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхгүй бол бүртгэхгүй гэсэн заалт бий. Хуулийн үйлчлэх хугацаа огт хойшлоогүй. Зөвхөн Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг үргэлжлүүлэх, сунгах асуудал яригдаж байгаа юм. 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа" гэсэн юм.
ВИДЕО: