"Даргаа солих" нөхцөл бүрдэх Улс төрийн намын хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг АН-ын бүлэг дэмжээгүй нь Л.Гантөмөрөө огцруулахаар санал нэгдсэний илрэл үү

"Даргаа солих" нөхцөл бүрдэх Улс төрийн намын хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг АН-ын бүлэг дэмжээгүй нь Л.Гантөмөрөө огцруулахаар санал нэгдсэний илрэл үү

"Улс төрийн намын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан боловсруулж, 2023 оны долдугаар сард батлуулсан. Энэ хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байсан ч Ерөнхийлөгчийн сонгууль дуустал буюу 2027 оны наймдугаар сар хүртэл хэрэгжилтийг хойшлуулах хуулийн төслийг УИХ-аар яаралтайгаар хэлэлцүүлэхээр өнгөрсөн баасан гараг /2024.11.22/-т  өргөн барилаа.

-УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХОЙШЛУУЛЖ, ОДООГИЙН НАМЫН ДАРГА НАРЫН СУУДЛЫГ ГАНХУУЛАХГҮЙ, ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХЫГ ЗОРЬЖ БАЙГАА БОЛ ҮҮНИЙГ АН-ЫН БҮЛЭГ ЭСЭГҮҮЦЭЖ, НАМЫН ДАРГАА СОЛИХ САНАЛАА ИЙНХҮҮ ИЛЭРХИЙЛЭВ-

Тус хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Улс төрийн намууд арванхоёрдугаар сарын 31 /2024.12.31/-ний дотор Улс төрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийцүүлж намын дотоод дүрмээ өөрчлөн, Дээд шүүхээр батлуулах ёстой байсан. Улмаар уг хуульд нийцүүлж, намын бүх шатны удирдлагаа даргаа бүрдүүлэх ёстой байв. Гэвч баталсан уг хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.

Хэрэв хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах төсөл батлагдвал МАН, АН, ХҮН-ын дарга нар одоогийн хэвээрээ 2027 онтой золгоно гэсэн үг. Гэвч энэ заалтыг УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцлээ. Тодруулбал, энэ долоо хоногийн даваа гарагийн АН-ын бүлгийн ээлжит хурлаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг АН-ын бүлэг олонхын саналаар дэмжээгүй байна.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “Өнгөрсөн долоо хоногт яаралтайгаар өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын өөрчлөлтийг хэлэлцлээ. Улс төрийн намын тухай хууль өнгөрсөн 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр батлагдсан. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих ёстой. Гэтэл одоо энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулж, 2027 оны наймдугаар сард оруулж ирье гэж байна. Үүнийг АН-ын бүлэг ярилцаад бүлгийн олонх буюу 18 гишүүн нь хойшлуулах шаардлагагүй гэж үзлээ” гэсэн юм.

Товчхондоо, АН-ын бүлэг Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулсныг дэмжээгүй буюу олонх нь шинэ хуульдаа нийцүүлж, намын дарга Лу.Гантөмөрөө сольж, Хамтарсан Засгийн газраас гарах саналтай байж болзошгүй гэсэн үг.

Нөгөөтэй Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжилтийг хойшлуулбал намын даргаа шинээр сонгох боломжгүй болж, хамтарсан Засгийн газар илүү тогтвортой байх юм. Түүнчлэн АН-ын бүлгийн өнгөрсөн даваа гарагийн хуралд тус намаас парламентад суудалтай 31 гишүүн оролцсоноос 18 нь дэмжсэн бол үлдсэн 13 нь буюу-

-УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Ч.Лодойсамбуу, Д.Энхтуяа, Ж.Баясгалан, Ц.Туваан, Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн, Ж.Батсуурь, С.Цэнгүүн, С.Одонтуяа, Э.Одбаяр, П.Батчимэг, А.Ганбаатар нарын гишүүд дэмжээгүй байна.

Өөрөөр хэлбэл Хамтарсан Засгийн газарт АН-аас багтсан сайд нар бүгд Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжсэн байна. Иймд дээр дурдсанаар АН-ын бүлгийн олонх нь хамтарсан Засгийн газраас гарах саналтай байгаа гэсэн санаа батжиж байна. Тэд хэрвээ Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд, дүрмээ өөрчлөх, намын даргаа сонгох зэргээр дотроо бужигнаад эхэлбэл Хамтарсан Засгийн газар ганхаж болзошгүй хэмээн бодсон байж болох. Улмаар Хамтарсан Засгийн газарт АН-аас багтсан сайд нар одоогийн суудлаа хамгаалж үлдэхийн тулд Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжиж байж магадгүй байна.

-УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХОЙШЛУУЛЖ, ОДООГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИД АШИГТАЙ-

Мөн Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах асуудалд 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг дурдахгүй өнгөрч болохооргүй байна. Ерөнхийлөгчийн сонгууль 2027 оны зургаадугаар сард болно. Харин Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 оны наймдугаар сарын 1-нд байхаар тусгажээ.

Иймд эл хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж болзошгүй юм. Учир нь тэрбээр 2027 онд дахин Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд Үндсэн хуулийн 30.2 дахь “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцээр хүчингүй болгуулахаар ажиллаж эхэлсэн талаар бид өмнө нь баримттай мэдээлсэн. Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Түүний дахин Ерөнхийлөгчөөр ажиллах замыг аль 2023 оноос засаж эхэлсэн бөгөөд энэ оны 4 дүгээр сард иргэн С.Номынбаясгалан мөн 2024 оны 1 дүгээр сард иргэн Э.Хишигсүрэн нар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1 дахь “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх”-д хяналт тавина гэсэн заалтыг хүчингүй болгох замаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өөрчлөх эрхийг Үндсэн хуулийн цэцэд өгч болзошгүй байгаа юм.

Хэрвээ тэдний гомдлыг Цэц хүлээж аваад 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг өөрчилбөл одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдүүлэх байдлаар эсвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох байдлаар бүрэн эрхийн хугацааг нь сунгаж өгөх боломж бүрдэнэ.

Хэрэв энэ боломж бүрдэнэ гэж үзсэн бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хойшлуулах байдлаар Ерөнхийлөгч парламентаас сонгогдох замаа засаж эхэлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл Улс төрийн намын тухай хуулийг өөрөө өргөн барьж батлуулсан хэрнээ хэрэгжилтийг нь хойшлуулж, одоогийн Засгийн газар болон парламентыг тогтвортой барьж байгаад 2027 оны сонгуульд хүч үзнэ гэсэн үг.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө