УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нартай холбоотой, ташаа мэдээлэл өнгөрсөн баасан гарагийн орой цахим орчинд цацагдсан талаар хоёр гишүүн хамтран Төрийн ордонд хэвлэлийн хурал хийв.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, "Парламентын 34 жилийн түүхэд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэж байсан тохиолдол байдаггүй юм байна. Бид анхных нь боллоо. Хамгийн харамсалтай нь энэ худал мэдээлэл юм. Би Интермэд эмнэлгээр огт үйлчлүүлээгүй. Би хамгийн сүүлд хоёр жилийн өмнө дүүргийн эмнэлэгтээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан. Гүтгэлгийн шинж чанартай худал мэдээлэл гэдгийг баримт шалгадаг, мэргэжлийн, холбогдох байгууллагууд олж тогтоосон. Би хувьдаа үүнд эмзэглээгүй. Интермед эмнэлгийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаж, уучлалт гуйсан. Би гишүүнээр сонгогдсноосоо хойш буруу зүйлд шүүмжлэлтэй хандсан.
Засгийн газрын тэргүүнийг шүүмжилсэн. 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсөв гэх мэт олон асуудлыг шүүмжилж, акц зохион байгуулсан. Энэ акцад Б.Мөнхсоёл гшүүн мөн хамт оролцсон. Эцэст нь ийм гүтгэлэг явагдаж эхэлсэн. Би хувьдаа МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна. Дуу хорих зорилготой болов уу. Гэхдээ тэмбүүтэй гэж гүтгэнэ гэдэг бол арай хэтэрсэн үйлдэл, тунг нь хэтрүүллээ. УИХ-д олон ургалч үзэл, шүүмжлэлт сэтгэлгээ бүхий гишүүдийн дууг хорих гэсэн башир арга. Ер нь парламент бол мэтгэлцээний талбар.
Гишүүд асуудлыг засахын төлөө үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнийх нь төлөө мохоох гэсэн, ам хэлийг нь үдэх гэсэн айлгах гэсэн башир арга хэрэглэлээ. Би бууж өгөхгүй, цаашид ч буруу гэж үзсэн бол шүүмжлэлтэй хандана. Парламентын орчинд үг, үзэл бодлоо хамгаалах, шүүмжлэлтэй хандах сэтгэлгээг хэн ч, ямар ч хүчин, МАН ч зогсоож чадахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэв.