Коронавирусийн халдвараар ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан эмэгтэй амаржиж хүүтэй болжээ

Коронавирусийн халдвараар ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан эмэгтэй амаржиж хүүтэй болжээ

ЭМЯ-ны яамны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өвчтөнүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавируст халдварын улмаас 22 хүн эмчлүүлж байгаа. Өнөө өглөө 08:20 минутад 30 настай эх амаржиж 3,200 грамм жинтэй хүү мэндэлсэн. Эх хүүхдийн биеийн байдал сайн байна. Харин ХӨСҮТ-д байгаа 25 настай жирэмсэн эхийн биеийн байдал маш хүнд байна. Тухайн өвчтөнд халдварын эсрэг эмчилгээнээс гадна ураг хамгаалах эмчилгээг хийж байна.

Цэргийн төв эмнэлэг дээр 195 хүн эмчлэгдэж байгаагаас хоёр хүний биеийн байдал маш хүнд байна. Энэ хоёр хүний нэг нь 51 настай эрэгтэй хүн бөгөөд хоёр удаагийн шинжилгээгээр коронавирусийн халдвар эдгэрсэн нь тогтоогдсон.

Харин үндсэн онош буюу зүрхний шигдээс, тархины судасны хатууралтай гэсэн оношоор биеийн байдал нь маш хүнд байгаа юм. Бид Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтарч ангиографийн эмчилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.

Дараагийн хүн нь 53 настай эмэгтэй. Тухайн өвчтөний хувьд зүрхний хэм алдалттай, чихрийн шижин, уушгины өвчлөлтэй эмчилгээ хийлгэж байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлгэд 194 хүн байгаагаас 102 нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт үндсэн өвчнөөрөө 16 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. СХД-ийн нэгдсэн эмнэлэгт 23 хүүхэд, 25 сахиур эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Одоогоор тэдгээрээс коронавирусийн халдвар илрээгүй байна" гэв.