Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын нийт хохирлыг урьдчилсан байдлаар 3.3 их наяд төгрөгөөр тооцсон

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын нийт хохирлыг урьдчилсан байдлаар 3.3 их наяд төгрөгөөр тооцсон

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир "Дорнод аймгийн Нөмрөгт гарсан гал түймэрт нийт 484 мянган га талбай түймэрт өртсөний 431 мянган га нь дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хамаарч байна. Байгаль орчны яамнаас мэргэжлийн шинжээчдийн баг байгуулж, түймрийн хохирлын үнэлгээг хийж дуусжээ. Үнэлгээгээр түймэрт өртсөн талбайн дийлэнх нь бага болон дунд зэргийн эрчимтэй шатсан бол 81 мянган га талбай маш их буюу өндөр зэрэглэлээр шатсан.

Мөн нийт 14.7 мянган га ой түймэрт өртөж, зэрлэг амьтдын амьдрах орчин доройтсон гэж урьдчилсан үнэлсэн байна.  Холбогдох хууль, аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр байгаль орчинд учирсан хохирлыг 1.2 их наяд төгрөгөөр тооцсон. Харин хуульд зааснаар ДЦГ-т хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлэх зохицуулалтыг хэрэглэснээр ажлын хэсгийн тайланд нийт хохирлыг 3.3 их наяд төгрөгөөр тооцож тусгаад байна.

Гэхдээ энэ нь хохирлын эцсийн дүн биш юм.  Ажлын хэсгийн дүгнэлтэд мэргэжлийн шинжээчид нарийвчилсан дүн шинжилгээ хийж, хохирлын тооцоо үндэслэлтэй эсэхийг тогтоосны дараа эцсийн дүн гаргана. Түймэрт өртсөн өргөн уудам, экологийн хувьд эмзэг бүс нутагт урт хугацааны мониторинг, судалгаа хийх шаардлагатай. Түймрийн дараах мониторинг, судалгааны ажилд 83.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргасан.

Байгаль орчны яамнаас хохирол тооцох аргачлалыг хуульд заасны дагуу боловсруулсан. Уг аргачлалын хүрээнд цагдаагийн болон шүүх шинжилгээний байгууллагууд хохирлын эцсийн хэмжээг тогтооно. Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй бөгөөд ажлын хэсгийн гаргасан тооцоонд үндэслэн нарийвчилсан үнэлгээ хийнэ. Хэргийн эзэн, холбогдогчийг тогтоох ажиллагаа мөн хуульд заасан процессын дагуу үргэлжилж байгаа. Хохирлын эцсийн дүгнэлт хэзээ гарах талаар хуульд тодорхой хугацаа заагаагүй. Холбогдох аргачлал, журмын дагуу шинжилгээ хийж тогтооно. Байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх, нөхөн сэргээх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" хэмээн ярилаа. 




Маргааш ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ