Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ бусдын биед “GS25” сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалж, алахыг завдсан хэрэг өнгөрсөн наймдугаар сард /2026.08/ гарсан бөгөөд тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байсан.
Тодруулбал, Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS25” сүлжээ дэлгүүрийн ажилтанг ажлын байрандаа ажиллаж байх үед үл таних эрэгтэй хүн шалтгаангүйгээр хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулж, улмаар дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн байдаг. Тэгвэл тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Ингэхдээ:
- Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”;
- 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах ”;
- 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Заналхийлэх”;
- 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Харин тус хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ирэх арванхоёрдугаар сарын нэгний /2026.12.01/ өдөр хэлэлцэхээр товлогдсон байна.
Ташрамд өгүүлэхэд, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
13.5 дугаар зүйл.Заналхийлэх
2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх
1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.