Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2026.10.23/ болж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэлээ.
Тус хуулийн төслөөр Оюу толгой төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос гурван их наяд төгрөг төвлөрүүлж, хоёр их наяд төгрөгийг эрчим хүч, боловсролын салбарын шинэчлэлд нэн тэргүүнд зарцуулахаар төлөвлөсөн юм. Үлдсэн хэсгийг боомтын шинэчлэл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, соёл, байгаль орчин, зам тээврийн салбарт хөрөнгө оруулж, мөн тодорхой хэсгийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд хуваарилахаар тусгажээ.
Засгийн газраас Оюу толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан зээлийн хүүгийн зохистой байдлыг долоон жил тутам хянах эрхийн хүрээнд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийсэн. Ингэснээр Монголын тал 2027 оны төсвийн жилээс ногдол ашиг хүртэж эхлэх, төслийн өгөөжийг 53 хувьд хүргэх нөхцөл бүрдсэн гэж үзэж байв. Гэвч Оюу толгой төслөөс авах ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдээс И-Монголиагаар дамжуулан санал асуулга авсан байна. Санал асуулгад 95,621 хүн оролцсоноос 55,173 нь Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах, 24,479 нь уг сандаа мөнгөө хадгалах санал өгчээ.
Мөн хөгжлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тохиолдолд аль салбарт хөрөнгө оруулах талаар 82,077 хүн саналаа илэрхийлсэн байна. Тэдний 50.6 хувь нь эрчим хүч, 49.8 хувь нь нийгмийн дэд бүтэц, 22.6 хувь нь аж үйлдвэр, 9.1 хувь нь тээвэр, логистикийн салбарыг сонгожээ. Иргэдийн саналд үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу дээрх хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэсэн байна.