Улсын хэмжээнд таван хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд таван хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд 2026 оны аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар таван хээрийн түймэр гарснаас гурвыг нь цурамд оруулж, хоёрыг нь унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багт аравдугаар сарын 22-ны 13:10 цагт гарсан хээрийн түймрийг аравдугаар сарын 23-ны 07:40 цагт цурамд оруулжээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын наймдугаар баг, Тахилгат тосгоны “Сүүлийн-Ухаа” гэдэг газарт аравдугаар сарын 22-ны 12:57 цагт гарсан хээрийн түймрийг аравдугаар сарын 23-ны 10:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Оргийн ам” гэдэг газарт аравдугаар сарын 22-ны 15:05 цагт гарсан хээрийн түймрийг аравдугаар сарын 23-ны 10:32 цагт цурамд оруулжээ. Түймрийг унтраахаар Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баруун-Урт сум болон Дорнод аймгийн Матад, Эрдэнэцагаан, Асгат сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Харин Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Бургаст хөндий” гэдэг газарт аравдугаар сарын 23-ны 08:59 цагт, Чойбалсан сумын Хөх нуур багийн “Соён геологи” гэдэг газарт мөн өдрийн 09:50 цагт тус тус хээрийн түймэр гарчээ. Эдгээр түймрийг унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон сумдын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна. Мөн Хэнтий аймгийн Батширээт суманд аравдугаар сарын 21-ний 13:58 цагт гарсан хээрийн түймрийг аравдугаар сарын 23-ны 07:00 цагт бүрэн унтраажээ.