Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 17 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг байгуулах тухай, Сэлбэ хорин минутын хот, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, нийслэлийн өмчтэй холбогдох асуудлуудын талаар хэлэлцлээ.

"ЗАМ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 432 ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИН ТЕХНИКИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАВ"

Нийслэлийн инженер хангамжийн байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагууд, есөн дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлэн байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх ажлуудыг чанартай зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үүрэг болголоо. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд 80.2 км инженерийн шугам сүлжээ, 132 км авто замыг шинэчилж байна. Тодруулбал, 18.7 км дулаан, 30 км цахилгаан, 19.1 км борооны ус зайлуулах, 9.8 км ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгааг УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл танилцуулав. Дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, цахилгаан түгээх сүлжээний урсгал болон их засварын ажлууд дуусах шатандаа хэрэгжиж байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд халтиргаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 16 мянган тонн давс, бодисыг нөөцөлж, давс, бодис цацах зориулалтын 96 машин, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин техникийн бэлэн байдлыг хангажээ. Түүнчлэн нийслэлийн төвийн зургаан дүүргийн 102,892 гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангаж, үерийн хамгаалалтын байгууламжийн 24 байршлаас 34 мянга гаруй шоо метр лаг хагшаасыг цэвэрлэлээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцад өмчлөл, эзэмшил нь тодорхойгүй ус, дулааны инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ тулгамдсан асуудал болж байгааг тодотголоо.

"ЭНЭ ОНД ҮЕР, ХАЛИА ТОШИНГИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭЭС 390 АЙЛ ӨРХ, НЭГЖ ТАЛБАРЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ"

Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр 36-45 байршилд 596 га талбайд халиа тошин үүсэх эрсдэлтэй байдаг. Дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт халиа, тошин үүсэх эрсдэлтэй бүс дэх газар ашиглалтын судалгаагаар зөвшөөрөлтэй 1110, зөвшөөрөлгүй 67 хашаа, нэгж талбар байна. Үүнээс 2026 онд үер, халиа тошингийн эрсдэл, нөлөөлөлд өртөх 390 айл өрх, нэгж талбарыг чөлөөлжээ. Халиа тошин жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-наас үүсэж, өвлийн улирал, хаврын эхэн саруудад үргэлжилдэг. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, онцгой байдлын албад, инженерийн хангамжийн байгууллагууд халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. 

Нийслэлд халиа тошин үүсдэг байршлууд:

  • ЧД-ийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 1-р суваг
  • ЧД-ийн 11,12 дугаар хороо, Дэнжийн 1000 3-р суваг
  • БЗД-ийн 5, 13, 22 дугаар хороо, Зүүн уулын суваг
  • ЧД-ийн 18 дугаар хороо, СБД-ийн 14-р хороо Чингэлтэйн суваг
  • СХД-ийн 9, 26, 35 дугаар хороо, Толгойтын гол
  • СБД-ийн 9 дүгээр хороо, Ногоон нуурын үерээс хамгаалах байгууламж
  • ЧД-ийн 13,14 дүгээр хороо, Хайлаастын суваг
  • СБД-ийн 15 дугаар хороо, Сэлбэ голын далан
  • СХД-ийн 19, 27 дугаар хороо, Толгойтын сувагт халиа тошин үүсэх эрсдэлээс сэргийлэн ажиллана.