А.Гансүх, Г.Лүндэн, Д.Цогтбаатар нарт “Найрамдлын одон” гэх Оросын шагнал олгох В.Путины зарлиг гарчээ

А.Гансүх, Г.Лүндэн, Д.Цогтбаатар нарт “Найрамдлын одон” гэх Оросын шагнал олгох В.Путины зарлиг гарчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол, Оросын харилцаа, стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гурван монгол иргэнийг төрийн шагналаар шагнах зарлиг гаргажээ.

Зарлигийн дагуу ОХУ-ын төрийн дээд шагналын нэг болох “Найрамдлын одон” (Орден Дружбы)-гоор Амаржаргалын Гансүх, Готовын Лүндэн, Дамдины Цогтбаатар нарыг шагнахаар болсон байна.

Тэгвэл Амаржаргалын Гансүх нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч бөгөөд өмнө нь 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд, 2014-2016 онд УИХ-ын даргын зөвлөх, 2017-2021 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Харин Готовын Лүндэн нь Монгол Улсын зэвсэгт хүчин болон дипломат албанд 30 гаруй жил ажилласан, армийн бэлтгэл хурандаа юм. Тэрээр Монгол, Оросын харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ үнэлэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртэж байсан. Мөн Дайнд оролцогчдын Монголын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Мөн Дамдины Цогтбаатар улс төрийн салбарт 2002 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Гадаад харилцааны сайд зэрэг албан тушаал хашиж байсан. Тэрбээр өдгөө Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.