БНСУ руу хувийн ажлаар явсан атлаа ажил, албан үүргээ гүйцэтгэсэн мэтээр ажилласан цагаар тооцуулж, 7,8 сая төгрөгийн илүү цалин авч, өөртөө давуу байдал бий болгосон Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ-ын дарга асан Г.Сангилэг нарт холбогдох хэргийг шүүх хэлэлцээд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.
Тодруулбал, Г.Сангилэг нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа албаны эрх нөлөөг ашиглаж, шууд удирдлагадаа ажиллаж байсан ИТХ-ын нарийн бичгийн дарга П.Ожидмаад хууль бусаар нөлөөлж, 2023 оны зургаадугаар сарын 03-ны өдрөөс мөн оны наймдугаар сарын 18, 2024 оны хоёрдугаар сарын 10-наас мөн оны дөрөвдүгээр сарын 19-нийг хүртэлх хугацаанд БНСУ руу хувийн ажлаар явсан атлаа ажил, албан үүргээ гүйцэтгэсэн мэтээр ажилласан цагаар тооцуулж, 7,8 сая төгрөгийн илүү цалин авч, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.Сангилэгийг нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил, 3 сараар хасаж, 1 жил, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
П.Ожидмааг мөн дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.