Их Британи улс 16 хүртэл насны хүүхдүүдийг хортой агуулга болон дэлгэцийн өмнө хэт их цаг зарцуулахаас хамгаалахын тулд Snapchat, TikTok, YouTube зэрэг олон төрлийн сошиал медиа хэрэглээнүүдийг хориглохоор болсныг ерөнхий сайд Кир Стармер өчигдөр зарлажээ.
Хэрвээ технологийн компаниуд уг хоригийг эсэргүүцвэл хатуу хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн Стармер бас өсвөр насныхны зарим хэсэг уг хоригийг тойрч гарах боломжтойг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ тэр “бид хүүхдүүдийнхээ аюулгүй байдал, аз жаргалыг алдахыг хүсэхгүй байна” гэж мэдэгджээ.
Өсвөр насны хоёр хүүхэдтэй Стармер “Эцэг эх бүр үүнийг харж байгаа. Сошиал медиа хүүхдүүдийг аз жаргалгүй болгож байна. Бид эцэг эхчүүдийн шаардлагыг сонссон бөгөөд тэдний төлөө зөв зүйлийг хийх болно” гэж хэлсэн юм.Ирэх оны эхээр хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа энэ алхам нь Австрали, Канад, Бразил, Индонез улсуудын араас Их Британийг хүүхдийн онлайн орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсан дэлхийн цөөхөн улсуудын нэг болгож байна.
Франц, Испани, Дани, Тайланд, Өмнөд Солонгос зэрэг улсууд бас ийм арга хэмжээ авах боломжийг судлах шатандаа яваа юм. Өнгөрсөн онд 16 хүртэл насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглосон дэлхийн анхны улс болсон Австралийн загварыг Их Британи хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Ингэхдээ Snapchat, TikTok, YouTube, Instagram, Facebook, X платформуудыг хориглож, YouTube Kids болон мессенжэрийн WhatsApp, Signal зэрэг платформуудыг нээлттэй үлдээх юм байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хүүхдүүдэд биш, технологийн компаниудад шаардлага тавьж ажиллахаа Стармер мэдэгджээ.
Засгийн газар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн олон нийтийн сонсголоос эцэг эхчүүд, хүүхдүүд, технологийн компаниудаас нийт 116,000 орчим санал хүлээн авсан гэнэ. Энэ нь 2012 онд ижил хүйстнүүдийн гэрлэлтийн талаар авсан олон нийтийн саналын тооны дараа хоёрдугаарт орох өндөр үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: Associated Press