Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон түүний гэр бүлийн дөрвөн гишүүний амь насыг аварсан З.Эмүжинг "Шударга журам" медалиар шагналаа.
З.Эмүжин нь Сүхбаатар дүүргийн "Эрдмийн хөтөч" цогцолбор сургуулийн 5Б ангид суралцдаг бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийн гишүүдэд учирч болзошгүй аюулыг мэдэгдэн, таван хүний амь насыг аварсан юм. Мөн түүнийг сургуулийнхаа "Эрдмийн баяр"-ын үеэр Монголын сурагчдын холбооноос "Тэргүүний сурагч" алтан медалиар шагнажээ.

Б.Ариунзаяагийн аав, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Ган-Утас "Хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа хойш найзалж нөхөрлөсөн. Ийм сайхан сэтгэлтэй, нөхөрлөлдөө үнэнч хүүхэд олон байгаасай. Бидний амийг аварсан З.Эмүжин болон түүнийг зөв хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархаад баршгүй. Үнэхээр их баярлаж байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
