Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн тэгш ой тохиож байна. Тэгш ой тохиож буйтай холбоотойгоор энэ зун болох Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх эсвэл 512 бөх барилдах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байсаар байна.
Тэгвэл энэ талаар “Үндэсний баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Н.Батсүмбэр, Э.Болормаа, Б.Тулга, Г.Хосбаяр нарын гишүүд өргөн бариад буй. Хэрэв энэхүү хуулийн төсөл дэмжигдвэл энэ жилийн улсын болон аймгийн наадмуудад нэлээдгүй өөрчлөлт орно.

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭНЭ ЖИЛИЙН НААДМААР 1024 БӨХ БАРИЛДАХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ-
Тус хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.5 дахь хэсэг нэмсүгэй. “9.5.Монгол Улсын Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 9.1-д заасан хугацаанаас үл хамаарч Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойг тохиолдуулан 1024 бөх барилдуулах шийдвэрийг тухай бүр гаргаж болно.” хэмээн тусгасан байгаа аж.
Одоогийн “Үндэсний баяр наадмын тухай хууль”-д 9.1-р зүйлд “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.” хэмээсэн байдаг бол тус хуулийн төслийн хүрээнд энэ жилийн наадмаар 1024 бөх барилдах эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шийдэх бүрэн эрхтэй болох юм.
-ХАМГИЙН СҮҮЛД АЙМГИЙН ХАРЦАГА ЦОЛЫГ 2023 ОНД ОЛГОСОН-
Харин 2 дугаар зүйлд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “аймгийн начин,” гэсний дараа “зургаа давсан бөхөд аймгийн харцага” гэж нэмсүгэй хэмээжээ. 2022 оны зургаадугаар сарын 22-нд батлагдсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д аймгийн баяр наадамд 128 бөх барилдуулахаар заасан байдаг. Энэ заалтын хүрээнд тав давсан бөхөд аймгийн начин цол, зургаа давсан бөхөд аймгийн заан цол, долоо давж түрүлсэн бөхөд аймгийн арслан цол олгодог. Тэгвэл хуулийн өөрчлөлтөөр 256 бөх аймгийн наадамд барилдсанаар тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, долоо давсан бөхөд аймгийн заан, найм давсан бөхөд аймгийн арслан цол олгох юм.
Аймгийн харцага цол ингэснээр буцаж сэргэхээр болж байна. Хамгийн сүүлд аймгийн харцага цолыг 2023 оны наадмын наадмаар олгосон бөгөөд тухайн жилд Завхан аймгийн Баянтэс сумын харъяат Б.Ренчинжүгдэр аймгийн харцага цолын болзол хангажээ.
“Тус өөрчлөлт нь аймгийн цолтой олон бөх төрж, бөхийн хөгжилд хувь нэмэр оруулна” хэмээн УИХ гишүүн П.Сайнзориг нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг.
Жишээлбэл, 2025 оны Завхан аймгийн наадамд аймгийн начин цолын болзол нэг, аймгийн заан цолын болзол нэг, аймгийн арслан цолын болзол нэг бөх хангаж, тус наадамд нийт гурван шинэ аймгийн цолтон төрж байв. Харин 2023 оны Завхан аймгийн наадамд аймгийн начин цолын болзол гурван бөх, аймгийн харцага цолын болзол хоёр бөх, амйгийн заан нэг, аймгийн арслан цолын болзол нэг бөх хангаж нийт долоон бөх шинээр аймгийн цол авч байжээ.