Т.Даваадалайн хэрэгт эхнэр Б.Анхтуяагийнх нь үеэл дүү гэх Н.Билгүүнийг хамжигчаар яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж эхэлжээ

Т.Даваадалайн хэрэгт эхнэр Б.Анхтуяагийнх нь үеэл дүү гэх Н.Билгүүнийг хамжигчаар яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж эхэлжээ

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авч, мөнгө угаасан гэх хэргээр хуулийн байгууллагаас яллагдагчаар татан, цагдан хорьж, мөрдөн шалгаж байгаа билээ.

Тодруулбал, Т.Даваадалайг “Туулын хурдны зам”-ын төслүүдийн сонгон шалгаруулалтанд орсон аж ахуйн нэгжүүдээс гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл "Авангард уран дизайн энд инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон хэмээн хуулийн байгууллагаас яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаа юм. 

Прокуророос түүнийг “хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, мөн дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон” хэмээн үзэж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, энэ дагуу түүнийг цагдан хорьсон байдаг. Гэсэн ч түүний өмгөөлөгч Т.Даваадалайн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр шүүхэд хандсан ч шүүх хүлээж аваагүй. 

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайн хэрэгт түүний эхнэр Б.Анхтуяагийн үеэл дүү гэх Н.Билгүүнийг мөн яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Билгүүнийг бусдыг “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, цагдан хорьж, мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг мөн л Т.Даваадалайн хэрэгт холбоотойгоор шалгаж бйгаа бөгөөд түүнд прокуророос дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн ч тэрбээр гаднын улс оронд байгаа гэх шалтгаанаар хуулийн байгууллагад очиж, тайлбар мэдүүлэг өгөхгүй байгаа аж.

Ташрамд өгүүлэхэд, Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйл. Гэмт хэргийн хамжигч

1.Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.

2.Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна гэж заажээ.