“DroneCon-2026” олон улсын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“DroneCon-2026” олон улсын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн (drone) жолоодлогын аварга шалгаруулах “DroneCon-2026” олон улсын тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд үргэлжилж байна.

Тус тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024 оны 209 дүгээр тогтоолоор баталсан нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн ашиглалтыг дэмжих арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд цахим хөгжил, инновац, дэвшилтэт технологи, залуучуудын хөгжил болон дрон технологийн салбарыг хөгжүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын болон өөрөө угсрах гэсэн дөрвөн ангиллаар явагдаж байна. Түүнчлэн БНХАУ, БНСУ, ОХУ, Япон, Казахстан, Монгол Улс зэрэг зургаан орны 52 баг тамирчин оролцож, “5-inch Professional Drone Race”, “65mm Micro Drone Race”, “Drone Soccer” гэсэн гурван төрлөөр өрсөлдөн шилдгүүдээ тодруулах юм.

Тэмцээний хүрээнд зохион байгуулагдаж буй BU-AIRSHOW 2026” арга хэмжээ мөн олон нийтийн анхаарлыг татаж байна. Уг арга хэмжээ нь Монгол Улсын нисэхийн салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд нисэхийн техник, технологийн үзүүлэн, танилцуулга, соёл урлаг, танин мэдэхүйн хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэж байна. “DroneCon-2026” нь дроны спортыг хөгжүүлэхийн зэрэгцээ нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр ашигтай ашиглах боломжийг сурталчлан таниулах ач холбогдолтой арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм.




Өнөөдөр могой өдөр

8 цагийн өмнө