Өнөөдөр /2026.03.19/ Ардчилсан намаас 4/11 мэдээллийн цагаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл, "2025 оны арванхоёрдугаар сард Засгийн газарт хүргүүлсэн АН-ын шаардлагын хариу уржигдар манай бүлгийн хурлын дараа ирсэн. "Зөвхөн дэд сайд төдийгүй, төрийн данхар бүтцийг цомхотгох шаардлагыг бид хүлээн авах боломжтой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хуулийн хүрээнд буюу илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж болно. Танай шаардлагыг хүлээн авах боломжтой" гэсэн утга бүхий хариулт ирсэн. Энэ асуудлыг бүлгийн хурлаар бид хэлэлцэж амжаагүй байгаа.
Мөн УИХ-ын даргаар аль нэг намын дарга ажиллаж болохгүй гэдэг байр суурийг тодорхой илэрхийлж, МАН-ын дарга Н.Учрал хавсран гүйцэтгэж байгаа ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн шаардлагынхаа хүрээнд АН ажиллаж байна. Өмнө нь ийм жишиг байсан талаар хүмүүс их ярьж байгаа. Бид энэ буруу жишгийг халах ёстой. АН сонгуульд гурав дараалан ялагдаж, манай улсад нэг намын дарангуйлал бий болсон. Олон улсын жишиг, онолынхоо дагуу асуудлыг засаж залруулах хэрэгтэй байна. Ийм ч учраас Д.Амарбаясгалан даргыг УИХ-ын даргаар ажиллаж байгаад МАН-ын даргаар сонгогдоход нь энэ байр суурийг илэрхийлж байсан. Энэ бол бидний зарчмын байр суурь.
Түүнчлэн Н.Учралыг УИХ-ын дарга болоход нь АН тэр тусмаа намайг дэмжиж санал өгсөн талаар зарим хүмүүс асууж байсан. Тухай үед төсөв батлах цаг үе тулчихсан байсан тул бид гаргалгаа гаргахын тулд Х.Тэмүүжин гишүүн санаачилж хуулийн төсөл өргөн барьсан. Бид зүгээр нэг улс төржсөн үйл ажиллагаа явуулаагүй. Н.Учрал даргыг УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас нь гаргаж, АН-ын бүлгийн хуулийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байсан. Гэтэл энэ хаврын чуулганаар АН-ын өргөн барьсан зарчмын байр суурь, хуулийн төслүүд огт байхгүй байна. Бид УИХ-ын үйл ажиллагааг гацаахын төлөө асуудалд хандаагүй" гэлээ.
ШУУД: