АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгч Монгол Улсын иргэд тодорхой нөхцөлд 15 мянган ам.доллар хүртэлх барьцаа байршуулна

АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгч Монгол Улсын иргэд тодорхой нөхцөлд 15 мянган ам.доллар хүртэлх барьцаа байршуулна

АНУ-ын Төрийн департамент Монгол Улсыг “визийн бонд” хөтөлбөрт хамруулах шийдвэр гаргасан талаар Монгол Улс дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас мэдээлжээ.

Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгч Монгол Улсын иргэдээс тодорхой нөхцөлд барьцаа шаардах боломж бүрдэж байна. Уг барьцааны хэмжээ нь 15,000 ам.доллар хүртэл байж болох бөгөөд визийн ярилцлагын үеэр консул тухайн иргэний нөхцөл байдлыг үнэлэн шийдвэр гаргах юм.

Виз мэдүүлэгчид барьцааг зөвхөн албан ёсны зааврын дагуу байршуулах бөгөөд гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглахгүй байхыг анхааруулжээ. Барьцаа бүрэн байршсан тохиолдолд виз олгох шийдвэр эцэслэн гарна. Мөн АНУ-ын тал визийн бодлоготой холбоотой бусад зохицуулалтад өөрчлөлт оруулсан байна. Үүнд, цагаачлалын виз мэдүүлгийн хүрээнд тодорхой улс орнуудыг “нийгмийн халамжид өндөр ачаалал үүсгэх эрсдэлтэй” ангилалд хамруулж, зарим төрлийн виз олголтыг түр хугацаанд хязгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.

Түүнчлэн, цагаачлалын бус виз мэдүүлэгчид өөрийн оршин суугаа эсвэл иргэншлийн улсынхаа нутаг дахь АНУ-ын Элчин сайдын яам, консулын газарт хандан ярилцлагын цаг товлох шаардлага хэвээр үргэлжилж байна.