130-р сургуулийн ахлах ангийн хүүхдүүд нэгнээ дээрэлхэж, биед нь ноцтойгоор халдаж буй бичлэг олныг цочроогоод буй. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүд нэгнийхээ биед халдаж буй бичлэг цахим орчимд цөөнгүй тавигдах болсон. Тэгвэл бид энэ удаа өсвөр үеийн хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогийн талаар Сэтгэл зүйч, гэр бүл судлаач С.Азжаргалтай ярилцлаа.
ВИДЕО:
-Бид ядаж л хэзээ сүүлд хүүхэдтэйгээ тухтай суугаад ярилцсанаа бодоод үзэх хэрэгтэй-
Цахим орчинд бие, биенээ дээрэлхэж буй өсвөр насны хүүхдүүдийн бичлэг ихээр тавигдах болсон. Тэгвэл сэтгэл зүйч хүний харж байгаагаар яагаад хүүхдүүд бие, биенээ дээрэлхэх болоод байна вэ?
Сүүлийн жилүүдэд эцэг, эхчүүд амьдралын төлөө гадаад руу гарч ажиллах, Монголд байсан ч ажлын ачааллаас болоод хүүхдээ хөдөө явуулдаг, өвөө эмээ дээр нь байлгах тохиолдолууд их болсон. Эсвэл хамт байдаг ч гэсэн өсвөр насны хүүхэддээ цаг гаргахгүй түүнийг хаана, хэнтэй юу хийж, мөнгөө юунд зарцуулж байгааг мэдэхгүйгээр зүгээр л хүүхэддээ мөнгө өгөөд хэрэгтэй зүйлсүүдийг аваад өгчихдөг. Тэрнээс биш сэтгэл санааны хувьд хүүхдэд ямар хэрэгцээ байгааг мэдэхээ байсан. Эдгээр шалтгаанаас болж хүүхдүүд эцэг, эхийн хайр, халамж дутагдсанаар бие, биенээ дээрэлхэх хандлагууд ажиглагддаг. Бид ядаж л хэзээ сүүлд хүүхэдтэйгээ тухтай суугаад ярилцсанаа бодоод үзэх хэрэгтэй.
Бид “Gen Z”, “Gen Alpha” үе гэж их ярьдаг болсон. Тэгвэл энэ үеийн хүүхдүүдийн сэтгэл зүйн гол онцлог юу вэ?
Одоогийн хүүхдүүд эрх, үүрэг хоёроос зөвхөн эрхээ мэддэг болчихсон. Би эрүүл, аюулгүй газар байж, суралцах гэх мэт бүх зүйл миний хүссэнээр байх ёстой гэдэг хандлагатай болчихсон. Хүүхдүүдийг ажиглахад аав, ээждээ тусалж, гэрийн ажил хийдэг хүүхэд байхаа больж, томчуудад сэтгэлээ нээхээ ч больсон. Бүгд тусдаа өрөөндөө ороод халгаа хаагаад утсаараа тоглодог, ямар нэгэн амьд харилцаагүй үе бид хүмүүжүүлж байна. Энэ нь мэдээж томчууд бидний буруу шүү дээ.
Бусдыг дээрэлхэж, биед нь халдаж буй хүүхдүүд сэтгэл зүйн хувьд ямар нэгэн гэмтэл авч байсан байж болох уу?
Цахим орчинд биенийгээ гэмтээж, дээрэлхэж буй бичлэг дээр бие, биеэндээ хамгийн муухай үгийг хэлж байгаа биз. Энэ бол шууд гэр бүлтэй холбоотой. Гэр бүлд одоогийн нийгэм, орчин нөхцөлөөс болоод асуудлууд маш их болсон. Аав, ээжүүд хүүхдийнхээ хажууд хэрэлдэж, муудалцаж, зодолдож, бие биенээ араар нь тавьж байна. Тэр муухай үг, үйлдлийг хүүхдүүд хүссэн, хүсээгүй харж өсөж сураад найзууддаа, үе тэнгийнхэндээ гаргадаг.
Хүүхэд, томчууд гэлтгүй утасны хэрэглээ маш их болсон. Энэ зүйлс ямар нэгэн байдлаар хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж байна уу?
Одоо цахим орчинд байгаа богино рийл, бичлэгүүд, бууддаг тоглоомнууд, “Роблокс” зэрэг зүйлсүүдийг зургаагаас доош насны хүүхдүүдэд үзүүлэхийг нь зарим улсуудад хориглочихлоо. Тэдгээр улсуудад хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөөд байгаа болохоор л хориглож байгаа шүү дээ.

-Хүүхэд зөвхөн онц сурах, англи хэлтэй байх шаардлагагүй. Хамгийн чухал зүйл бол хүн байх, хүнлэг байхыг аав,ээжүүд хүүхдүүддээ сургах хэрэгтэй-
Эцэг, эхчүүд цахим орчинд цацагдсан бичлэгийг үзээд хүүхдээ хаана, юу хийж байгааг нь анзаарч эхэлж байгаа болов уу гэж бодож байна. Тэгвэл хүүхэдтэйгээ хэрхэн ярилцаж, сэтгэл зүйн талаас нь хэрхэн дэмжиж, хүмүүжүүлэх хэрэгтэй вэ?
Хүүхэд зөвхөн онц сурах, англи хэлтэй байх шаардлагагүй. Хамгийн чухал зүйл бол хүн байх, хүнлэг байхыг аав,ээжүүд хүүхдүүддээ сургах хэрэгтэй. Магадгүй энэ бичлэгүүд цахим орчинд цацагдсанаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ хаана, юу хийж байгааг нь анзаарч эхэлж байгаа байх. Энэ нь маш зөв. Нэгдүгээрт, хүүхдээ хажуудаа суулгаж байгаад хэнтэй найзалж байгааг, анги хамт олон дунд нь дээрэлхэлт байгаа эсэхийг асуух хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдүүдээсээ ямар зүйл хамгийн их хэрэгтэй байна, сэтгэл зүйн хувьд ямар хэрэгцээ, шаардлага байгааг нь мөн адил байнга асуух хэрэгтэй. Хүүхдүүдийн хувьд 13 наснаас эхлээд өөрийгөө том болчихсон, аав ээжээсээ юмсыг асуух шаардлагагүй гэж бодоод эхэлдэг. Энэ үед гэр бүлийнхэн нь ямар нэгэн асуудалгүй байгаа юм байна гэж боддог. Үүнээс эхлээд л асуудлууд үүсэж эхлээд байгаа юм. Хэдий зарим сургууль сэтгэл зүйчтэй болсон ч өөрийнхөө асуудлыг ярьж зөвлөгөө авахаас илүү гэр бүлийнхээ асуудлыг ярьдаг болчихсон гэсэн. Гэр бүлийнхээ хэрүүл, маргааныг хэрхэн шийдэх вэ, хэрүүл, зодоон тасрахгүй байгаад нь би буруутай юм шиг санагдаж байна гэх хандлагыг маш их гаргадаг болсон. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйг маш ихээр гэмтээж байдаг.
Хүүхдүүдийн хоёр дох гэр бол мэдээж сургууль байдаг. Тэгвэл сургуулийн багш, нийгмийн ажилтнууд үе тэнгийн дээрэлхэлтээс шавь нараа хэрхэн хамгаалах нь үр дүнтэй вэ?
Багш нар бол үнэхээр ачаалал ихтэй байгаа. Нэг ангид маш олон хүүхэд суралцдаг учраас бүгдэд нь анхаарал хандуулахад цаг, зав хүрдэггүй байх. Гэхдээ л багш нар нэр хүнд, үүргээ ухамсарлаад бүх хүүхдүүдээ хэн нь ямар зан, авир гаргаж байна, хэн бусдаасаа хоцорч байна гэдгийг маш сайн анзаарч, засаж явах хэрэгтэй. Мөн бүх сургууль сэтгэл зүйчтэй болох шаардлагатай. Хүүхдэд ямар нэгэн айдас, түгшүүр мэдрэгдэх л юм бол санаа зовох зүйлгүйгээр багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй ханддаг болох орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Мөн боловсролын системдээ нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай. Хэрхэн яаж зөв хүн байх юм, эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн үүрэг нь юу юм гэдгийг маш сайн ойлгуулмаар байна. Эдгээр зүйлсүүдийг л хичээлүүдэд нь шингээж, заадаг болмоор байгаа юм.
Бид өсвөр үеийн гэнэн, цагаан үерхэл гэж их ярьдаг. Гэтэл сүүлийн үед цахим орчинд тархаад буй бие, биенээ дээрэлхэж, биед нь халдаж байгаа бичлэгийг харахад “чи миний найз залуу, найз охиныг өдөж хоргоосон, харьцсан” гэх шалтгаан хэлж байгаа анзаардсан. Яагаад хүүхдүүд бага наснаасаа бие биенээ хардах сэтгэлтэй болчихсон гэж та бодож байгаа вэ?
Монголд гэр бүлээс гадуурх харилцаа маш их болсон. Тэгээд л нэгнээ харддаг, хэрэлддэг. Эдгээр зүйлсүүд хүүхдүүдэд сэтгэлийн маш том түгшүүрийг үүсгэж байдаг. Үүнээс болоод үерхэж нөхөрлөхөөр хардах ёстой, харамлах ёстой гэсэн бодолтой болчихоод байгаа юм. Гэтэл гэр бүлийнхэн нь үерхэл гэдгийг ямар нандин зүйл болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй шүү дээ.
-Хүүхдэдээ хайртай гэдгээ хэлж, чамайг өмгөөлж, хамгаалах хүн байдаг шүү гэдэг мэдрэмжийг цаг бүрт л мэдрүүлж байх хэрэгтэй-
Бүгд адилхан бие хаа, гар, хөлтэй хүүхдүүд шүү дээ. Гэтэл гол төлөв ямар ааш, зантай хүүхдүүд дээрэлхэлтэнд өртөөд байна гэж та хардаг вэ?
Сүүлийн үед их анзаарагдаж байгаа нь нэг зүйл бол баян, хоосны ялгаа маш болсон. Үүнээс болж тэр хүүхэд бусдаас дутуу байна гэсэн мэдрэмж төрөөд эхлэхээр өөртөө итгэлгүй болж байдаг. Мөн бусад нь ч гэсэн гадуурхаад эхэлдэг. Бас нэг шалтгаан нь аав, ээжээсээ хол айл өссөн хүүхдүүд өөртөө итгэлгүй, юу хэрэгтэй байгаагаа бусдад илэрхийлж чаддаггүй болж өсдөг. Магадгүй эдгээр хүүхдүүдийг дээрэлхэх юм бол хэнд ч, юу ч хэлэхгүй тэр хэцүү нөхцөл байдал руу уначихдаг.
Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд сэтгэл зүйн талаасаа ямар хохирол амсдаг вэ?
Дээрэлхэлтэд өртсөн хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй адил сэтгэл зүйн гутралд ордог. Бид нар л үүнийг тоодоггүй болохоос биш энэ бол маш том сэтгэл зүйн гэмтэл юм. Энэ гэмтэлийг эдгээхгүй явснаар амиа хорлох, амиа хорлохыг завдах, ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай болох зэрэг зүйлсүүд ажиглагддаг. Тийм учраас сэтгэл зүйн эмнэлэгт бүрэн гүйцэт эмчлүүлэх хэрэгтэй.
Ярилцлагын төгсгөлд та эцэг, эхчүүдэд сэтгэл зүйч хүний хувьд юуг захиж, зөвлөмөөр байна вэ?
Бид өөрсдийнхөө хүүхдийг цэцэг, цэврүү шиг өсгөөд ямар ч нэмэр алга. Нийгэм нь өөрөө ийм харгис байна шүү дээ. Ийм болохоор л боломжтой айлуудын хүүхдүүд гадагшаа сургуульд яваад сурчихдаг. Үлдэж буй хүүхдүүд Монголдоо “зэрлэгшээд” үлдэж байна. Энэ нийгмийн гажуудлыг бид бүгд хичээж, анхаарч залруулахгүй бол аюулын нөхцөлд хүрээд байна. Үүнийг томчууд бид л засаж чадна. Бид аав, ээж гэсэн өнцгөөс хүүхдүүдтэйгээ харьцахаас илүү найз шиг нь байж ярилцаж, илүү цаг гаргах хэрэгтэй байна. Хүүхдэдээ хайртай гэдгээ хэлж, чамайг өмгөөлж, хамгаалах хүн байдаг шүү гэдэг мэдрэмжийг цаг бүрт л мэдрүүлж байх хэрэгтэй байдаг шүү гэдгийг эцэг, эхчүүддээ зөвлөмөөр байна.
