Монгол хэл бичгийн шалгалтыг ирэх дөрөвдүгээр сард танхимаар зохион байгуулна

Монгол хэл бичгийн шалгалтыг ирэх дөрөвдүгээр сард танхимаар зохион байгуулна

Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулах ажлыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэж, 2026 оны дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулахаар болсныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ. 

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор жил бүр Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг. Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасны дагуу уг шалгалтыг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөж, 2026 онд шалгуулагчдын 50 хувийг цахимаар шалгалт өгөх боломж бүрдүүлэх зорилт тавьсан байна.

Энэ хүрээнд Монгол хэл бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж буй суралцахуйн удирдлагын систем (LMS)-ээр дамжуулан цахимаар зохион байгуулах чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 1а/956 дугаар албан бичгээр ирүүлжээ. Уг чиглэлийн дагуу энэ оны гуравдугаар сарын 7-ны өдөр “турших шалгалт”-ыг зохион байгуулсан боловч мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн хүчин чадал, серверийн ачаалал зэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтыг цахим хэлбэрээр тогтвортой зохион байгуулах боломжгүй байгаа нь тогтоогдсон байна.