У.Хүрэлсүхийн санаачилга, Н.Учралын илтгэлээр бол тэд эхлээд "МАН-ыг цэвэрлэх" бололтой

У.Хүрэлсүхийн санаачилга, Н.Учралын илтгэлээр бол тэд эхлээд "МАН-ыг цэвэрлэх" бололтой

МАН-ын Бага хурал өнгөрсөн баасан гараг /2026.02.27/-т болж өндөрлөлөө. Мөн тухайн өдрийн өглөө нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болох хуулийн төслийг өргөн барих гэж байгаа талаараа мэдээлсэн. Үүнийг ихэнх хүмүүс УИХ-ын М.Нарантуяа-Нара нарын ёс зүйн зөрчил гаргасан гишүүдэд зориулан гаргах гэж байгаа мэтээр ойлгож байгаа.

Үнэн хэрэгтэй Бага хурал дээр тавьсан МАН-ын намын дарга Н.Учралын илтгэл ч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуулийн төсөл ч “МАН-ыг цэвэрлэх” гэсэн үйл ажиллагааны эхлэл байж магадгүй байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН ДАРГА НАРЫН МЭДЭЭЛЭЛ “МАН-ЫГ ДОТРООС НЬ ЦЭВЭРЛЭНЭ” ГЭСЭН АГУУЛГАТАЙ-

-УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралын өнгөрсөн баасан гарагт /2026.02.27/ Бага хурал дээрээ тавьсан илтгэлээс онцлох нэг санаа бий. МАН-ын дарга Н.Учралын санаачлан дэвшүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” нь Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүйн чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт гэсэн дөрвөн бүтэцтэй байх бөгөөд эндээс “Авлигын эсрэг чөлөөлөлт” гэсэн хэсэг анхаарал татаж байгаа юм.

Тэрээр энэ талаар илтгэлдээ, “Авлига Монголыг идэж байна. Авлига ардын намыг идэж байна. Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.

Нэгдүгээрт, Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Улс төрийн нам шүүх биш боловч ёс зүйн өндөрлөгтэй, сахих дүрэм журамтай, сахилга хариуцлагын өндөр босготой байх учиртай. Авлигын эсрэг чөлөөлөлтийг ардын нам өөрөөсөө эхэлнэ. Ардын нам авилгачдаас чөлөөлөгдөж ард түмэндээ эргэн ирнэ” гэсэн юм.

ВИДЕО:

 

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барих гэж буй хуулийн төсөл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой гэжээ. 

Хуулийн төсөлд:

  • Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
  • Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
  • Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгасан байгаа юм.

Мөн “Ёс зүй мөхсөн газар хулгай хаданд гарч, хууль уланд ордог гэсэн үг байдаг. Авлига, хулгайд нэр холбогдож, хуурч мэхэлж, адаг сүүлд нь хууль тогтоох ажлынхаа үйл ажиллагаанд ч оролцохгүй гишүүд байна. Үүнийг л ерөнхийлөгч засъя гэж байгаа юм” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга А.Бямбажаргал ярьсанаас үзвэл “ёс зүй” гэж тодотгосон нь зөвхөн ёс зүйн асуудлыг хэлж байгаа бус тангаргаа зөрчсөн, авлига хээль хахуулийн хэрэгт нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцож эхэлнэ гэсэн санаа харагдаж байна.

Иймд үүнийг ёс зүйн зөрчил гаргасан М.Нарантуяа-Нара нарын гишүүдэд зориулсан хууль гэж харахаас илүүтэй авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон, тангарагаа зөрчсөн гишүүдэд хариуцлага тооцохоор болж байна гэж ойлгож болохоор байна.

Иймд МАН-ын даргын илтгэл ч, Ерөнхийлөгчийн өргөн барих гэж буй хуулийн төсөл ч тэр ерөөс “авлигачдаа цэвэрлэнэ, МАН дотроос эхэлнэ” гэсэн санаа. Тэгвэл өргөсөн тангаргаасаа няцсан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, авлигын хэрэгт нэр холбогдсон зөрчилд хамаарах гишүүн УИХ-д хэн хэн байна вэ.

-УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА, П.САЙНЗОРИГ, Э.БОЛОРМАА НАРЫН ХҮМҮҮС ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДААД БАЙНА-

Авлига албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, өргөсөн тангаргаа зөрчсөн буюу Үндсэн хуулийг зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Хөгжлийн банкны хэргээр гурван шатны шүүхээс торгох ялаар шийтгэгдсэн УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, сонгуульдаа зарцуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Э.Болормаа, нийтийн албан тушаалтан хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, цахим сүлжээгээр бусдыг зүй бус хэллэгээр гутаан доромжилж, ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын М.Нарантуяа, Ц.Мөнхтуяа нар хүмүүсийг энд нэрлэж болох юм.

Хэрэв Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдах юм бол дээрх гишүүдийн бүрэн эрхийн асуудал хамгийн эхэнд хөндөгдөж магадгүй бөгөөд МАН дотроосоо эхлэн цэвэрлээд, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон бол намдаа ч үлдэхгүй гэдгийг МАН-ын дарга Н.Учрал Бага хурал дээрх илтгэлийнхээ үеэр илэрхийлжээ.