Шүүх хурал нь товлогдоод буй хэд, хэдэн жигшүүрт хэрэгтэй холбоотойгоор зарим УИХ-ын гишүүд цаазын ялыг сэргээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж эхлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Нийгмийн сэтгэлзүйг эдгээхийн тулд цаазын ялыг сэргээх ёстой, гэхдээ бүгдэд нь биш. Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн хэрэгт цаазын ялыг сэргээх ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нийгмийг цочроогоод буй хэргүүдтэй холбоотойгоор "Цаазын ялыг сэргээх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг" байгуулах саналыг гаргав.
Гэвч цаазын ял бол улс төрчдийн попордог сэдэв биш бөгөөд манай улс НҮБ-ын өмнө үүрэг хүлээж 2012 оны гуравдугаар сард Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II протоколд нэгдэн орсон.
Энэхүү протоколыг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адилаар дагаж мөрдөх үүрэгтэй байдаг. Ингэснээр бусад улсуудын жишигтэй хөл нийлүүлэн алхах боломж нээгдсэн бөгөөд энэ дагуу 2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа цаазаар авах ялыг хассан юм. Цаашлаад Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II протоколд нэгдэн орсноор улс орнууд өөрийн шүүхийн харьяаллын хүрээнд хамаарагдах хэний ч хувьд цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх өөрийн эрх хэмжээний хүрээнд цаазлах ялыг халахад чиглэсэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авах үүрэг хүлээсэн. Түүнчлэн уг тогтоолд нэгдэн орсон бол гарах эсвэл цуцлах гаргалгаа байхгүй.
Мөн цаазаар авах ял байснаараа онц хүнд гэмт хэргийн гаралт буурдаггүй гэх судалгаа байдаг бөгөөд гэм буруугүй хүнийг цаазалж хэлмэгдүүлэх эрсдэл өндөрсдөг. Нөгөөтэйгүүр Монгол Улс Үндсэн хуулиараа хүний амьд явах халдашүй дархан эрхийг хуульчлан баталгаажуулсан зэрэг олон учир холбогдол бий. Тиймээс шүүхдээ итгэдэггүй мөртлөө цаазаар авахыг уриалах нь хамгийн буруу бөгөөд нэг удаа амь насыг нь бүрэлгэхийн оронд насаар нь хатуу гянданд хорьж ялыг эдлүүлэх нь илүү хүнд шийтгэл зэргээр хуульчид байр сууриа илэрхийлдэг билээ.