УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан ёсны айлчлал өндөрлөлөө.
Манай улсын Төв Ази дахь бат бөх гүүр, “Стратегийн түнш” БНКУ-д УИХ-ын даргын түвшинд 22 жилийн дараа айлчиллаа. Айлчлалаар БНКУ-ын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Мөн БНКУ-ын Парламентын Сенатын дарга М.Ашимбаевтай уулзаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэн, шинжлэх ухаан, боловсролын салбарт харилцаагаа эрчимжүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн “Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” Астана хотноо зохион байгуулагдаж, 2 улсын төр, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцож, Астана дахь Сансар судлалын төв, “Самрук Казына” баялгийн сан, “Казатомпроп” зэрэг компаниудад ажиллаж, хамтын ажиллагаа тогтоох, туршлага судлах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар ярилцлаа.