МАН-ын Бага хурал өчигдөр /2025.06.09/ хуралдаж Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн.
Үндсэн хуулийн 39.2-т УИХ-д олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасан байдаг. Энэ дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2025.06.10/ Г.Занданшатарын нэрийг УИХ-д өргөн барих аж. Үүний дараа буюу үдээс хойш УИХ-ын чуулганыг хуралдуулна гэж албаны эх сурвалж мэдээллээ. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн ердийн олонх дэмжвэл түүнийг томилсонд тооцно.