СУРВАЛЖИЛГА: Монголд нутагшиж буй анхны цагаан сэрвээт акул хоёр сарын хугацаанд 5 см өсжээ

СУРВАЛЖИЛГА: Монголд нутагшиж буй анхны цагаан сэрвээт акул хоёр сарын хугацаанд 5 см өсжээ

Далайн загас сонирхогчдын хамгийн том хүсэл бол акул тэжээх. Харин далайгаас хэдэн мянган километрийн алсад орших Монголд энэ мөрөөдлийг бодит болгохын тулд далайн орчныг бүхэлд нь бүрдүүлэх шаардлагатай. Харин хэдэгн жилийн өмнө эхэлсэн Г.Эрдэнэтулгын  сонирхол өнөөдөр далайн загас, ховор амьтдын ертөнцийг бий болгосон The Reef дэлгүүр болон өргөжжээ.

ВИДЕО:

-НОМХОН ДАЛАЙН ШҮРЭН ХАДНЫ БҮСЭД ТАРХСАН АКУЛ МОНГОЛД ИРЭЭД ХОЁР САР БОЛЖ БАЙНА-

Далайд гарцгүй Монгол Улсын нийслэлд далайн амьтдын бяцхан ертөнц оршиж байна. Өнгө өнгийн загаснууд усан дотор сүлжилдэж, далайн морь хөдөлгөөнгүй мэт тогтон, далайн од аквариумын ёроолд байрлана. Харин тэдний дундаас хамгийн их анхаарал татах нь цагаан сэрвээт шүрэн хадны акул. Номхон далайн шүрэн хадны бүсэд тархсан энэ акул Монголд ирээд хоёр сар болж байгаа аж. The Reef дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Эрдэнэтулга гурван жилийн өмнө далайн загасны ертөнцийг Монголд таниулах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Түүний хувьд далайн загас тэжээх нь зөвхөн энгийг нэгэн сонирхол биш гэв. Загас бүрийн амьдрах орчин, хооллолт, зан төлөвийг судалж, байгалийн нөхцөлд нь аль болох ойр орчин бүрдүүлэх шаардлагатай ажил ажээ.

“Далайн загас сонирхогчдын хамгийн том хүсэл бол акул тэжээх” хэмээн Г.Эрдэнэтулга ярив. Акул гэдэг нэрийг сонсоход олон хүний төсөөлөлд далайн хамгийн аюултай махчин амьтан буудаг. Гэвч акул нь олон зуун төрөл зүйлтэй бөгөөд тэдгээрийн биеийн хэмжээ, хооллолт, зан төлөв, амьдрах орчин харилцан адилгүй. Тэдгээрээс зарим зүйл нь аквариумын нөхцөлд амьдрах боломжтой ч төрөл зүйл бүрийн шаардлагыг нарийн тооцох хэрэгтэй. The Reef дэлгүүрт байгаа нь цагаан сэрвээт хадны акул буюу Whitetip reef shark (Triaenodon obesus) нь Энэтхэг-Номхон далайн бүсийн шүрэн хадны орчимд тархсан бөгөөд сэрвээнийхээ үзүүр дэх цагаан өнгөөрөө танигддаг. Бусад олон акултай харьцуулахад биеийн хэмжээ харьцангуй жижиг боловч нас бие гүйцсэн үедээ ойролцоогоор хоёр метр хүрч болно. Цагаан сэрвээт хадны акул ихэвчлэн шөнийн цагаар идэвхтэй болж, хадны завсар, ан цавд нуугдсан загас, хавч хэлбэртэн болон бусад жижиг амьтдаар хооллодог. Өдөртөө хадны завсар амрах нь элбэг. Иймээс түүний амьдрах орчныг бүрдүүлэхдээ зөвхөн усны чанараас гадна нуугдах орон зай, хөдөлгөөн хийх боломжийг тооцох шаардлагатай. Акулын тухай ярихад хамгийн түрүүнд анхаарах зүйл бол түүний ирээдүйн өсөлт, амьдрах орчны хэмжээ юм. Жижиг байх үедээ аквариумд багтаж байгаа нь нас бие гүйцсэн хойноо ч тохиромжтой орчинд амьдарна гэсэн үг биш. Тиймээс усан сангийн хэмжээ, усны эргэлт, шүүлтүүрийн хүчин чадал, хоол тэжээл зэргийг урьдчилан тооцох ёстой.

Акулын хажуугаар дэлгүүрт өөр хоёр төрлийн махчин загас байгааг Г.Эрдэнэтулга танилцуулсан. Тэдгээрийн нэг нь таваг мэт хавтгай биетэй, урт сүүлнийхээ үзүүрт хорт өргөстэй загас бол нөгөө нь могой шиг урт нарийхан биетэй махчин загас байв. Ийнхүү нэг дор өөр өөр төрлийн махчин загас амьдарч байгаа нь дэлгүүрийн аквариумын ертөнцийг улам сонирхолтой болгожээ.

-НЕМО ХҮҮХЭЛДЭЙН КИНОН ДЭЭР ГАРДАГ БҮХ ТӨРЛИЙН ЗАГАС БИЙ-

The Reef-ийн аквариумд хүмүүсийн хүүхэд наснаасаа мэддэг далайн амьтад ч бий. Finding Nemo буюу “Немо” хүүхэлдэйн кинонд гардаг загаснууд, далайн морь, далайн од зэрэг олон төрлийн амьтдыг дэлгүүртээ байршуулсан нь үйлчлүүлэгчдийн сонирхлыг татдаг байна. Тухайлбал, хүүхэлдэйн киноны гол дүр Немо бол алиалагч загасны нэг төрөл. Харин далайн морь нь нэрэндээ “морь” гэсэн үгтэй ч загасны ангилалд багтдаг өвөрмөц амьтан юм. Босоо байрлалтай сэлж, толгой, биеийн хэлбэрээрээ бусад загаснаас ялгардаг. Далайн од харин загас биш, далайн сээр нуруугүй амьтдын нэг төрөл. Иймээс дэлгүүрт загаснаас гадна өөр өөр ангиллын далайн амьтад амьдарч байгаа нь далайн экосистемийн олон янз байдлыг харуулах нэгэн жишээ болж байв. Хүүхэлдэйн киноноос харж байсан загас, далайн амьтдыг бодит орчинд нь ойроос харах боломж хүүхэд, залуусын хувьд сонирхолтой.

Далайн амьтдыг сонирхож эхэлсэн хүн бүр тэдгээрийг харахаас гадна хэрхэн амьдардаг, ямар нөхцөлд өсөж үрждэг талаар ойлголт авах боломжтой. Далайг Монголд авчрахын цаана усны нарийн технологи бий Далайд гарцгүй, эх газарт орших Монгол Улсад далайн загас тэжээнэ гэдэг зөвхөн аквариумд давстай ус хийж, загас оруулахын нэр биш. Байгалийн далайн орчныг аквариумд аль болох ойртуулан бүрдүүлэхийн тулд усны температур, давсжилт, хүчиллэг-шүлтлэг чанар, хүчилтөрөгчийн хэмжээ болон химийн найрлагыг тогтмол хянах шаардлагатай. Г.Эрдэнэтулга ч далайн загас тэжээхийн тулд аквариумаа маш сайн бэлтгэж, усны нөхцөлийг далайн орчинтой адил байлгах хэрэгтэйг онцолсон. Хэрэв усны тохиромжтой орчныг бүрдүүлж чадахгүй бол загас өвчлөх, улмаар үхэх эрсдэлтэй аж. Энэ нь далайн аквариумын арчилгааны үндсэн зарчимтай нийцнэ. Усны давсжилт, температур, хүчиллэг-шүлтлэг чанар, аммиак, нитрит, нитрат зэрэг үзүүлэлтүүд загасны амьдралд шууд нөлөөлдөг. Ялангуяа аммиак, нитритийн хэмжээ нэмэгдэх нь загасанд хортой. Иймээс ус тунгалаг харагдаж байгаа эсэхээр нь чанарыг дүгнэх боломжгүй бөгөөд тусгай тестээр тогтмол шинжлэх шаардлагатай аж.

 




Өнөөдөр туулай өдөр

41 минутын өмнө