Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн марафон хэдийн гараанаасаа гарсан. Зарим нь замаасаа буцаж, зарим нь бүр өөр замаар гүйж эхлээд буй. Энэ үйл ажиллагаа Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх огцрох хүсэлтээ гаргаж, түүнийг нь УИХ дэмжсэнээр сонгуулийн бэлтгэл ажил илүү эрчимжсэн ч үнэндээ намууд Ерөнхийлөгчийн сонгуульд аль хэдийнээс бэлдэж эхэлсэн ажээ.
- Н.АЛТАНХУЯГ ИЗНН-ААС НЭР ДЭВШИХЭЭР ТООЦООЛЖ, ХҮМҮҮСЭЭ БАЙРЛУУЛСАН БАЙЖ МАГАДГҮЙ -
Тодруулбал, сонгуульд өрсөлдөнө гэдгээ хамгийн түрүүнд зарласан Н.Алтанхуягийг Ардчилсан намаас л нэр дэвшинэ хэмээн олон түмэн харж суугаа байх. Гэхдээ түүний хувьд энэн нь тун хүндрэлтэй, бараг л боломжгүй зүйл болчихоод байгаа юм. Учир нь Ардчилсан нам Үндэсний бодлогын хороо /ҮБХ/- ны гишүүдийн олонхын саналыг авсан хүмүүсээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг уламжлалтай. Харин энэ 378 хүний дунд Н.Алтанхуягийг дэвшүүлэхээр сонгож гараа өргөх хүний тоо хуруу дарам цөөхөн гэчихэд хилсдэхгүй биз.
Тэгвэл нэгэнт АН-аас нэр дэвшиж “чадахгүй” Н.Алтанхуягийн сонгуульд дэвших нөөц нам нь ИЗНН байж магадгүй байна. Үүнийг түүний улс төрийн хүрээний ойрын хүмүүс гэгдэх Я.Санжмятав, Д.Одхүү нар өнгөрсөн хавар ИЗНН-д элссэн үйл явдалтай холбон таамаглаж болохоор. Тодруулбал, тэд өнгөрсөн хавар С.Зориг агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан ИЗНН-д элссэн билээ.
Тодруулбал, Н.Алтанхуягийн ойрын хүн гэгдэх Я.Санжмятав бол АН-ын “Алтан гадас” фракцын гол төлөөлөгчдийн нэг байсан. Тэр ч байтугай Я.Санжмятав өөрөө 2016 онд Н.Алтанхуяг, Р.Гончигдорж нартай хамт фракцын хуучин гишүүдээс үлдсэн тухайгаа ярьж байв. Харин Д.Одхүүгийн хувьд 2013 онд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын үед Эгийн голын УЦС төслийн нэгжийн удирдагчаар томилогдож байв. Тэрбээр өөрийгөө сонгуулийн сурталчилгаа, пи-арын ажилд мэргэшсэн хэмээн тодорхойлдог бөгөөд үүнээс улбаалан Н.Алтанхуягийн сонгуулийн менежер гэдэг утгаараа энэ намд элссэн байж магадгүй гэх таамаг бий. Түүнчлэн УИХ-д суудалтай ИЗНН-аас одоогоор үзээд өгье гэсэн ч сонгуульд дэвшүүлэх хүн байхгүй хэмээн улс төрийн хүрээнд ярьж буй. Тиймээс АН-ын гишүүн байсан бөгөөд 2008-2013 оны хугацаанд Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар ажилласан байсан Б.Батбаатар дарга нь Ардчилсан намын угшилтай ахыгаа сонгуульд сойх хүсэлтэй байж ч мэдэх юм.
Нөгөө талаас Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын тогтолцоо ч Н.Алтанхуягийн улс төрийн тооцоонд нөлөөлсөн байж магадгүй юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд эхний санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын олонхийн санал авч чадахгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явуулдаг. Харин Н.Алтанхуягийн хувьд Ерөнхийлөгчийн сонгууль хоёр удаа санал хураана хэмээн тооцсон байж магадгүй юм. Ингээд тэрбээр ИЗНН-аас нэр дэвшиж, хамгийн олон саналтай хоёр хүний нэг болж үлдэх бөгөөд, дахин санал хураалт явуулахад тэрбээр Ардчилсан намын сонгогчдын саналыг өөртөө авч Ерөнхийлөгчийн сэнтийд заларна хэмээн тооцсон байж магадгүй.
- Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛВОЛ З.ЭНХБОЛД, Х.БАТТУЛГА, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН НӨЛӨӨ УЛС ТӨРД “ЧАНГАРНА” -
Хамгийн хяслантай нь эрх барьж буй хоёр нам дотроо нам харгалзахгүй манай, танай хэмээн талцан уралцаж байгаа энд үед Н.Алтанхуяг Ерөнхийлөгч болчихвол З.Энхболд, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын нөлөө улс төрд “чангарч” мэднэ. Эдгээр хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. З.Энхболд 20 жил улс төр хийхдээ, Х.Баттулга дөрвөн жил ерөнхийлөгч жил УИХ, сайд хийхдээ, Л.Оюун-Эрдэнэ зургаан жил Ерөнхий сайд хийхдээ бидэнд хангалттай харуулсан.
Тэр ч байтугай Х.Баттулга, З.Энхболд нарыг Монголын улс төр дэх “сиамын ихрүүд” хэмээн тодорхойлдог нь учиргүй юм бас биш. Тэдний улс төрийн байр суурь, хамтын ажиллагаа Тавантолгойн төслийн асуудал дээр тодорхой харагдаж байв. Тухайлбал, 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас боловсруулсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудалд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн Х.Баттулга нар эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байлаа. Тэдний улс төрийн хамтын ажиллагаа 2017 онд төрийн өндөр албан тушаалд хамтран ажиллах хэлбэрээр үргэлжилсэн. Х.Баттулга Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа анхны зарлигаар З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилсон бол төдөлгүй Н.Алтанхуягийг улс төрийн бодлогын зөвлөхөөрөө томилсон билээ. Ингэснээр өмнө нь Ардчилсан намын дотоод улс төрд өөр өөр байр суурьтай явсан З.Энхболд, Н.Алтанхуяг нар Х.Баттулгын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд нэг багт ажиллах болсон юм. Тэр ч байтугай Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар байгуулахад Х.Баттулгын нөлөө их байсан хэмээдэг бөгөөд тухайн үеийн Засгийн газрын гол шийдвэрүүд Х.Баттулгын “Баянгол” ба “Гэрэгэ тауэр”-ын 15 давхраас гардаг байсан гэлцдэг.
Шинэ үеийн төлөөлөл хэмээн сонгогдож, авлига, шударга бус явдалтай тэмцэх сүржин уриатайгаар гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн Л.Оюун-Эрдэнийн улс төрийн замнал эцэстээ иргэдийн дургүйцлээр өндөрлөснийг бид саяхан харсан. Үүгээр ч зогсохгүй түүний үеэл Х.Нямбаатар Канадаас долоо хоног бүр лайв хийж, “Дараагийн Ерөнхийлөгч сонгогдоход би шууд очно” хэмээн пээдэлзэж суугаа нь ч мөн “дараагийн Ерөнхийлөгч Н.Алтанхуяг болчихвол өөрөө цагаадна” гэсэн итгэлтэй нь холбоотой байж магадгүй гэсэн хардлага бий.
“СУДАЛГААГ СУРТАЛЧИЛГАА БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА”
“Надад хэл ам хүрэх вий. Миний рейтинг өндөр байгаа”. Энэ бол Н.Алтанхуягийн өнгөрсөн есдүгээр сард хэвлэлд хэлсэн үг. Учир нь Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд рейтингээрээ тэргүүлж яваа хэмээн “судалгааны нэр барьсан” сурталчилгаа өнгөрсөн хавраас л нийгмийн сүлжээгээр явж эхэлсэн юм.
Тодруулбал, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг хамгийн өндөр дэмжлэгтэй байгаа гэх хоёр байгууллагын нэр хэлээд хэн, хэзээ, хэний захиалгаар хийсэн нь мэдэгдэхгүй, сонгогчдод өндөр рейтингтэй хэмээн хоногшуулах зорилготой ч байж мэдэх судалгааны дүн тархаад байгаа.
Дэлхийн олон нийтийн санаа бодлын судалгааны холбоо (WAPOR)-ны мэргэжлийн стандарт, удирдамжид улс төрийн санал асуулгын үр дүнг нийтлэхдээ судалгааг захиалсан, санхүүжүүлсэн байгууллага, гүйцэтгэгч, судалгааны хугацаа, түүврийн хэмжээ, хамруулсан хүн ам, түүвэр сонгосон арга, асуулгын яг найруулга, мэдээлэл цуглуулсан хэлбэр, алдааны хязгаар зэргийг ил тод мэдээлэхийг шаарддаг. Гэтэл MEC-ийн гэх судалгааны хувьд захиалагч, санхүүжүүлэгч хэн болох, судалгааны асуулга болон аргачлалын дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байгаа юм. Иймээс Н.Алтанхуягийг тэргүүлж буй гэх үзүүлэлтийг сонгогчдын санал мэтээр түгээх нь судалгааны нэр барьсан улс төрийн сурталчилгаа болж ашиглагдах эрсдэлтэй юм.
-Н.АЛТАНХУЯГИЙН ҮЕД АН-ЫН БАЙР, ГАЗРЫН ЭЗЭМШИЛТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНУУД ГАРЧ БАЙВ-
Энэ мэтчилэн рейтинг өндөртэй гэгдэж буй Н.Алтанхуяг энхийн цагаан тагтаа биш нь мэдээж. Улс төрийн хүрээнийхэн Н.Алтанхуягийг өс хонзон санадаг хүн хэмээн тодорхойлдог. Түүнийг эрх мэдэлд хүрч, "хонгилын түлхүүр атгавал" хувийн өс хонзонгоо авахын төлөө ажиллаж магадгүй гэх болгоомжлол ч байдаг билээ.
Түүнчлэн Н.Алтанхуягийн алдартай нэг наймаа нь АН-ын төв байр буюу “Хүзүүвч” барилгыг зарсан явдал. Тодруулбал, 2013 онд тус барилга, газрыг долоон тэрбум төгрөгөөр худалдсан бөгөөд жилийн дараа АН-ын дансанд ердөө 45 мянган төгрөг үлдсэн байжээ. Уг мөнгөнөөс гурван тэрбум гаруй төгрөгийг зээл төлөхөд зарцуулсан бол үлдсэн хэсгийг “Чек зарлага”, “Ардчилсан нам тооцоогоор” гэсэн гүйлгээний утгаар гаргасан байна. Мөн түүний Хөгжлийн банкны хэрэг үргэлжилсээр байгаа юм. Анхан шатны шүүхээс түүнийг цагаатгасан боловч давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Улсын дээд шүүх 2026 оны аравдугаар сарын 23-нд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаад байгаа юм. Энэ асуудал нь түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох уу, болохгүй юу гэсэн асуултыг ч дагуулаад байгаа билээ.