Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.
Тэрбээр “2026 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд нь хэвийн эхлүүлэх зорилгоор нийт 910 иргэн, аж ахуйн нэгжид 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн зээл олгосныг онцлов. Мөн тариалалтын ажлыг тасалдуулахгүйн тулд 1,245 иргэн, аж ахуйн нэгжид түлш, шатахууныг литр тутмыг нь 3,400 төгрөгөөр хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн байна. Үүний зэрэгцээ Засгийн газраас дотооддоо үйлдвэрлэдэг гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг ирэх онд бууруулах зорилгоор төсвийн тодотголоор 120 орчим тэрбум төгрөгийг батлуулсан. Уг хөрөнгийг улаанбуудайн стратегийн нөөцийг 100 мянган тоннд хүргэх, хүнсний ногооны нөөцийг дөрвөн төрлөөр бүрдүүлэх, гурилын үнийг тогтвортой байлгах үүднээс гурилын үйлдвэрүүдэд улаанбуудай худалдан авахад нь зориулж хөнгөлөлттэй зээл олгох чиглэлд зарцуулах юм. Түүнчлэн дараагийн хаврын тариалалтад хэрэглэх таван мянган тонн шатахууныг нөөцлөх болон Улаанбаатар хотын махны хэрэгцээнд зориулж зээлийн хүүгийн татаасын дэмжлэг үзүүлэх гэсэн нийт таван чиглэлд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн” гэлээ.