Номхон далайд жижиг завиар гурван сарын турш далайд хөвж, төөрсөн таван хүнийг Кирибати улсын ойролцоогоос аварчээ. Аврагдсан хүмүүсийн дунд хоёр хүүхэд байсан бол хамт явсан дөрвөн хүн сураггүй хэвээр байна.
Кирибатийн Фаннинг арлын оршин суугчид ням гарагт таван хүнийг эргээс холгүй газраас олж, аварсан байна. Тэд есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр Микронезийн Холбооны Улсын арлуудын хооронд зорчиж яваад далайн шуурганд өртөж, чиглэлээ алдсан бөгөөд жижиг завь нь ойролцоогоор 5,400 километрийн зайд урсан очжээ. АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, есөн хүнтэй завь долоодугаар сарын 30-нд Рүо аралд буцаж ирээгүй тул сураггүй болсонд тооцсон гэв. Үүний дараа 85,700 хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан 10 хоногийн эрлийн ажиллагаа явуулсан ч завийг олж чадаагүй аж.
Аврагдсан таван хүн хүнд хэмжээний шингэн алдалт болон хоол тэжээлийн дутагдалд орсон байжээ. Тэдэнд судсаар шингэн нөхөх эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд биеийн байдал нь аажмаар сайжирч байгаа талаар эмнэлгийн ажилтан мэдээлэв. Одоогоор амьд үлдсэн хүмүүс арлын нэгэн пасторын асрамжид байгаа аж. Тэд өөрсдийн туулсан явдлын талаар олон нийтэд мэдээлэл өгөхөөс татгалзаж, хувийн нууцаа хадгалах хүсэлт гаргасан бөгөөд Микронезийн Чуук мужийн захирагч Александр Наррун аврагдсан иргэдийг эх оронд нь буцаах асуудлаар Кирибатийн Засгийн газартай хэлэлцээ эхлүүлсэн байна. Харин сураггүй болсон дөрвөн хүний хувь заяа одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд эрлийн болон мэдээлэл баталгаажуулах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж:Associated Press (AP)