"Чингис хаан" музейн захирал С.Чулуун МУИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнийг нэр хүндэд халдсан үндэслэлээр шүүхэд өгч уг асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцээд "Чингис хаан" музейн захирал С.Чулууны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан.
Харин тэрбээр үүнтэй холбоотойгоор Улсын дээд шүүхэд хандаад байсан бөгөөд тус шүүх хэргийг хэлэлцээд хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нь өөрийн нийтэлсэн мэдээллийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй байхад хоёр шатны шүүх уг нийтлэлийг шүүмжлэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Нэхэмжлэгч С.Чулуун нь хариуцагч Г.Мөнх-Эрдэнэд холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байдаг.
Улмаар анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нь өөрийн фейсбүүкт нийтэлсэн постынхоо үндэслэлийг баримтаар нотолж, судлаачийн хувиар шүүмжлэл илэрхийлсэн байх тул бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэж дүгнэх үндэслэлгүй, хариуцагчийг нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх байдал нотлогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Харин Давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд халдсан гэхээс илүүтэйгээр түүний ажил хэргийн үйл ажиллагаатай холбоотойгоор шүүмжлэлийг бичсэн. Нэхэмжлэгч нь нийтийн зүтгэлтний хувьд хэвлэл мэдээллийн анхааралд байнга өртөх онцлогтой тул ... шүүмжлэлийг илүү өргөн хүрээнд хүлцэн тэвчих үүрэгтэй. Мөн хариуцагч нь нэг салбарт ажилладаг судлаачийн хувьд тодорхой баримтад тулгуурлан өөрийн санал, шүүмжийг илэрхийлсэн, мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байх тул илт худал мэдээлэл тарааж ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлгүй гэж дүгнэж байв.
Тэгвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нь өөрийн нийтэлсэн мэдээллийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй байхад хоёр шатны шүүх уг нийтлэлийг шүүмжлэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Ташрамд өгүүлэхэд, дээрх хэргийн талаар МУИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнэ "Cүүлийн жилүүдэд ганц МУИС гэлтгүй цөөнгүй сургуулийн багш нар С.Чулуун гэдэг хүний үйлдсэн хэргүүдийг мэдээлж байгаа. Тэдгээрийн нэг нь 640 мянган нүүр хуудас бүхий архивын баримтыг БНХАУ-ын сургуульд үнэ төлбөргүй хуулбарлаж өгсөн асуудал. Холбогдох бүх газруудад бид мэдэгдсэн байгаа. Архивын газрын дотоод журмаар л гэхэд нэг нүүр хуудсыг хувилах төлбөрөөр тооцоход 3 тэрбум төгрөг төлөх ёстой байсан.
Хоёрт, Өндөр гэгээн Занабазарын намтартай холбогдох хосгүй баримтыг мөн эмхэтгэл болгож БНХАУ руу үнэ төлбөргүй гаргасан байдаг. С.Чулуун өөрийн нэрээр гарчиглаж, хавтаслаад өөртөө ашиг олж байгаа талаар мэдээлсээр байгаа.
Гуравт, зохиогчийн эрхийн зөрчил, цаашлаад оюуны бүтээлийн эрхийн зөрчил юм. ОХУ-ын эрдэмтний докторын ажлын нэг хэсгийг хуулбарлаад ШУТИС-ийн төсөлд тооцуулсан байх жишээтэй. Энэ гурван тусдаа хэргээс зохиогчийн эрх, оюуны бүтээлийн эрхийн зөрчил гаргасан гэдэг асуудлыг тэр няцаагаад байна. Улмаар миний хэвлэлд өгсөн ярилцлага болон бичсэн постуудаар намайг цагдаад өгсөн. Нэр хүндэд халдсан, залруулж уучлалт гуй гэсэн байна. Иймд одоогоор өмгөөлөгчтэйгөө гэрээ байгуулчхаад байж байна. Одоо С.Чулуун гэдэг хүн БНХАУ-д сургууль төгссөн хүнийг БНХАУ-ын талын, Туркт төгссөн хүнийг Туркийн талд ажиллаж, Монголын түүхийг зарсан гэх мэт ойлголт төрүүлэхээр ажиллаж эхэллээ. Бидний хувьд үнэн бодит асуудлыг дэлгэн тавьж байгаадаа бүрэн итгэлтэй байна. Хэрэв нотолгоогүй зүйл ярьсан бол “анаж” биднийг унагах байсан болов уу. Сүүлд өрнөж буй асуудалд ч сөрөг нэхэмжлэлээ гаргахаар ажиллаж байна. Энэ асуудал бүрэн шийдэгдтэл багагүй хугацаа өнгөрөх бололтой. Энэ асуудлыг хөндөж тавьсан нь хувийн шалтгаантай гэж харах хүмүүс байна. Бидэнд хувь хүмүүсийн үүднээс огт маргаан байдаггүй. Олон жил бугширч тогтсон энэ тогтолцоог л бид шүүмжилж байгаа. Энэ бидний бүх зүйлтэй холбогддог. Зохиогчийн эрхийг, оюуны өмчийг дээдэлдэггүй энэ байдлаараа манай их сургуулиуд олон улсын ранкд багтах ч боломжгүй. Өөрөөр хэлбэл суурь, системийн шинжтэй асуудал. Бид биш байсан ч хэн нэгэн хөндөж тавих л асуудал юм. Хэрэв шүүх намайг гүтгэснийг тогтоовол би шийдвэрийг хүндэтгэж, уучлалт гуйна, гоншигнолгүй биелүүлнэ" хэмээж байсан юм.