Хүүхдийн төлөө сангийн 26.7 тэрбум төгрөгийн үлдэгдлийг хэрхэн зарцуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ

Хүүхдийн төлөө сангийн 26.7 тэрбум төгрөгийн үлдэгдлийг хэрхэн зарцуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2026.11.03/ хуралдаанаар Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. 

Тодруулбал, Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад асуулга тавьсан бөгөөд хариултыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал танилцуулсан юм. Түүний мэдээлснээр, Хүүхдийн төлөө санд энэ онд нийт 1,150.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Үүнээс хүүхдүүдэд 461.5 сая төгрөгийн дэмжлэг олгож, хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжид 1,933 сая төгрөг, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын урсгал засварт 1,394.2 сая төгрөг зарцуулсан байна. Ингэснээр тус сангийн үлдэгдэл одоогийн байдлаар 26 тэрбум 782 сая төгрөг байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн А.Ариунзаяа сангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хандив, орлого төвлөрүүлэх ажил хийгдэхгүй байгааг шүүмжиллээ. Тэрбээр мөн өмнө нь Хүүхдийн төлөө сангийн орлогын эх үүсвэр байсан Авто тээврийн үндэсний төвийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарын борлуулалтын орлогыг тус санд төвлөрүүлэхгүй болгосныг “хуулийн хулгай” хэмээн шүүмжилсэн юм.

Түүнчлэн сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагааны хүртээмжийг сайжруулах, хүүхдийн спортыг дэмжих, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар гишүүд байр сууриа илэрхийлэв. Ингээд А.Ариунзаяа гишүүний гаргасан асуулга болон сайдын хариултыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Дашрамд дурдахад, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа нийт таван асуудал хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы санаачилсан Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.