Б.Мөнхтамир: Манай улсын улирлын шинж чанараас шалтгаалан 10, 11 дүгээр сард шатахууны эрэлт нэмэгддэг

Б.Мөнхтамир: Манай улсын улирлын шинж чанараас шалтгаалан 10, 11 дүгээр сард шатахууны эрэлт нэмэгддэг

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир шатахууны хангамж, нөөцийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэрээс аравдугаар сард захиалсан 57 мянган тонн шатахуунаас 51 мянган тонн нь ирсэн. Үлдсэн 5,700 тонн нь замдаа явж байна. Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 12, дизель түлшний 28, онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байна.

Цаашид ОХУ-аас арваннэгдүгээр сард авах шатахууны захиалгыг нэмэгдүүлж, 70 мянган тонн болгосон. Мөн Казахстанаас 3,000, Хятадаас 8,000, Солонгосоос 12,000 тонн шатахуун авах захиалгаа баталгаажуулсан. Нийт 92 мянган тонн шатахууны захиалга баталгаажсан. Өнгөрсөн долоо хоногт Шинэ эрин ХХК-ийн шинээр барьж байгаа 16 мянган шоо метр шатахуун нөөцлөх сав ашиглалтад ороход бэлэн болсон. Шатахууны савыг нэмэгдүүлэх нь нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх чухал алхам юм.

Улаанбаатар төмөр замд 6-8 хоногийн шатахууны нөөц байна. Цаашид шатахуун тасрахгүй гэдгийг мэдэгдэж байна. Жолооч нар шатахуунд дугаарлалгүй, дуусах үед нь шууд очоод авчхаж болно.

Арав, арваннэгдүгээр сар бол зуны түлшнээс өвлийн түлшид шилждэг үе. Гэтэл вагоны эргэлт маань урт байгаа учраас хүлээгдэл үүсэж байгааг ойлгох хэрэгтэй.

Мөн энгийн АИ-92 автобензинийг АИ-95 гэж зарж байна гэсэн гомдол ирсэн. Хилээр орж ирж байгаа шатахуунд шинжилгээ хийдэг учраас тийм зүйл байхгүй. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг удаа шатахуун авах биш, өдөрт 4-5 газарт очиж шатахуун авч байна. Цахим системийг арванхоёрдугаар сард ашиглалтанд оруулна. Ингэснээр шатахууны нөөцийг автоматаар мэдээлнэ" хэмээн ярилаа.