140 кг "Хонин арц" бэлтгэж, тээвэрлэсэн иргэнд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

140 кг "Хонин арц" бэлтгэж, тээвэрлэсэн иргэнд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

Прокурорын газраас иргэн Ц.Ш-г “Зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс иргэн Ц.Ш-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2026 оны 02 дугаар сарын 04-05-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрээс 140.91 кг нэн ховор ургамлын жагсаалтад багтсан Хонин арц (Juniperus sabina)-ыг түүж, Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг байрлах “Эмээлтийн хяналтын цэг" хүртэл тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар ургамлын аймагт 71,089,095 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Иймд Ц.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн.

Учир нь, шүүгдэгч Ц.Ш нь Монгол Улсын Эрүүгийн хуульд “...зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан...” бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “нэн ховор ургамал” гэж байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна гэж, Байгалийн ургамлын тухай хуулийн зорилт нь ой болон таримал ургамлаас бусад ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр тус тус заасан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2979, 122 дугаартай “...шинж тэмдгээрээ Агарууны (Арц) Овог (Cupressaceae), Арцны төрөл (Juniperus), Хонин арц (Juniperus sabina) болох нь тогтоогдож байна. Хонин арц (Juniperus sabina) нь нэн ховор ургамлын жагсаалтад багтсан…” Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний …зориулалтаар ашиглаж болно…” гэж заасан атал шүүгдэгч Ц.Ш нь зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамлыг ургадаг газрыг нь олж, түүсэн, худалдан борлуулахаар Улаанбаатар хот хүртэл тээврийн хэрэгсэлд хадгалж, тээвэрлэж байгаа санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.