Л.Оюун-Эрдэнэ батлуулсан ч Ерөнхийлөгчийн хоригт орсон “Зөрчилтэй контент” гэх агуулгыг түүний ЗГ-т ажиллаж байсан сайд нар нь дахин зүтгүүлж байна

Л.Оюун-Эрдэнэ батлуулсан ч Ерөнхийлөгчийн хоригт орсон “Зөрчилтэй контент” гэх агуулгыг түүний ЗГ-т ажиллаж байсан сайд нар нь дахин зүтгүүлж байна

Өсвөр насны охид нэгнээ орцонд зодож, бүр хувцсыг нь тайлж доромжилж буй үйлдлээ бичлэг болгон цахим сүлжээнд нийтэлсэн хэрэг нийгмийг цочроосон. Энэ бол ганц удаа тохиолдолдсон асуудал биш. Улмаар хүүхдийг цахим орчны хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс хамгаалах ёстой гэх асуудал өндрөө авсан. Үүнтэй маргах хүн байхгүй. Харин хүүхэд хамгаалах нэрийн дор иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах нөхцөл үүсгэж болохгүй.

Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Наранбаяр нарын есөн гишүүн 2026 оны долоодугаар сарын 22-нд “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг төсөл нь 13 нас хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийг хориглох, 13-16 насны хүүхдийн хэрэглээг тусгай хамгаалалтын тохиргоотой болгох үндсэн зохицуулалттай.

Гэвч энэ хуулийн төслийг зөвхөн хүүхдийн насны хязгаар тогтоож байгаа мэтээр ойлгож болохгүй. Учир нь уг төслийн цаана нийгмийн сүлжээний агуулгыг хянах, хязгаарлах, шаардлагатай тохиолдолд бүхэл бүтэн платформд хандахыг хаах хүртэл арга хэмжээ авах зохицуулалт тусжээ. Тухайлбал, хуулийн төслийн хоёрдугаар бүлгийн 6.3-т 13-16 насны хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээнд урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхээр заасан.

Үүний дотор 6.3.3-т хориотой, хүүхдэд хортой агуулгын харагдац, түгээлт, санал болгох алгоритмыг хязгаарлах, 6.3.5-д тухайн агуулгыг мэдээлэх, гомдол гаргах, хаах технологийн боломж бүрдүүлэхээр тусгасан байна.

Эндээс хамгийн том асуудал гарч ирнэ. Хүүхдэд хортой, хориотой агуулга гэж юуг хэлэх вэ. Тэгвэл хуулийн төсөлд “Хүүхэд хамгааллын тухай” хуулийн 4.1.15 болон 4.1.16-г үндэслэх аж. Тухайлбал,

  • “хүүхдэд хортой агуулга” гэж хуулиар хориглоогүй боловч хүүхдийн эрүүл мэнд, нас, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх контент, бүтээл, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.
  • "хориотой агуулга" гэж хуулиар хориглосон контент, бүтээл, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг хэлнэ гэж заасан.

Гэтэл энэ бол маш өргөн хүрээний тодорхойлолт бөгөөд бодитоор хэрэгжихэд хүндрэлтэй. Цаашилбал, улс төрийн зорилгоор ашиглаж ч болох эрсдэлтэй. Өнөөдөр иргэд фэйсбүүк, юүтүб зэрэгт улс төрийн шүүмжлэл, төрийн албан тушаалтны алдаа дутагдлыг илчилсэн баримт, нийгмийн ёс суртахуунтай холбоотой маргаантай байр суурь, хурц шүүмжлэл хүртэл хүүхдийн төлөвшилд сөргөөр нөлөөлөх агуулга гэж үзэгдэх боломжтой. Энэ бол зөвхөн хүүхдийн аккаунтын асуудал биш. Фэйсбүүк, инстаграм зэрэг нийгмийн сүлжээг ашиглаж буй насанд хүрсэн иргэдийн мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх боломжид нөлөөлөхүйц асуудал юм. Гэтэл Монгол Улсын иргэдэд Үндсэн хуулиар олгосон язгуур эрх бол итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх юм.

Энэ төрлийн хууль Монголд анх удаа яригдаж байгаа юм биш. Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 18-нд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ уг хуулийг нэгдүгээр сарын 20-нд буюу хоёрхон хоногийн дотор баталсан юм.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 27-нд уг хуульд бүхэлд нь хориг тавьсан. Ингээд УИХ 2023 оны гуравдугаар сарын 17-нд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн хориг хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй зохицуулалтуудын асуудлыг хөндсөн гэдгийг үндэслэж байсан.

Учир нь 2023 оны хуулийн төслийн “зөрчилтэй контент” гэх зохицуулалтад хүүхдийн бие махбод, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн, уриалсан, сурталчилсан агуулгыг хамруулж байв. Улмаар "зөрчилтэй контент" нийтэлбэл мөн л тухайн иргэний хаягыг хаах хүртэл арга  хэмжээ авах байв. Харин өнөөгийн “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төсөлд “хүүхдэд хортой, хориотой агуулга” гэх ойлголтыг ашиглаж байна.

Товчхондоо, нэр томьёо өөрчлөгдсөн ч хүүхдэд сөргөөр нөлөөлөх агуулгыг тодорхойлж, цахим орчинд хязгаарлах зохицуулалт дахин орж ирлээ. 

Нөгөө талд хуулийн төслийг санаачилсан есөн гишүүний бүрэлдэхүүн анхаарал татаж байна. Тодруулбал, П.Наранбаяр, Ч.Анар, Ж.Галбадрах, П.Ганзориг, Л.Гантөмөр, Б.Жавхлан, С.Лүндэг, Ч.Номин, О.Номинчимэг нар уг хуулийн төслийг хамтран санаачилжээ. Эдгээр гишүүний дунд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт сайдаар ажиллаж байсан хүмүүс бий.

Тухайлбал, П.Наранбаяр Боловсролын сайд, Л.Гантөмөр Шадар сайд, Б.Жавхлан Сангийн сайд, Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байсан.

Мөн төслийг санаачлагчид Л.Оюун-Эрдэнэтэй улс төрийн хувьд ойр хүмүүс байна. УИХ-ын гишүүн  Ж.Галбадрах нь Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, боловсролын салбарын төлөөлөл бөгөөд П.Наранбаяртай ойр. Харин П.Ганзориг, П.Наранбаяр нар 2020 оны НИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс "хөтлөлцөн" нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгч болсон. Харин С.Лүндэгийн хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагын багт ажиллаж байсан улс төрийн хүрээний хүн юм. Мөн Хэнтийн бэр гэгдэх О.Номинчимэг өмнө нь Хотын дарга асан Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан. Ч.Анарын хувьд Хэнтий аймгийн Бэрх тосгоноос гаралтай бизнесмен гэдгээр нь олон нийт мэддэг. Ингээд харахад уг хуулийн төслийг санаачлагчид Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан сайд нар, улс төрийн хамтын ажиллагаатай гишүүд байна.

Энэ нь өөрөө хууль санаачлах эрхгүй гэсэн үг биш. Гэхдээ 2023 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас өргөн барьсан, хүний эрхийн маргаан дагуулсан цахим орчны зохицуулалт 2026 онд дахин орж ирж байгаа нь санамсаргүй давхцал уу эсвэл өмнөх бодлогын үргэлжлэл үү.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө