2018 оны сүүлчээр монголд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дуулиан дэгдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан шилэн дансны баримтууд ил болсон юм. Энэхүү дуулианд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хамаарал бүхий “Газар Агро” ХХК-ийн авсан "Сэлэнгэ үүлдрийн үхрийг сэргээн сайжруулах, үржлийн загвар аж ахуй" төслийн авсан зээл ч ил болж байв.
ВИДЕО:
-БЭЛЧЭЭР ТАЛХАЛСАН НЭГ МЯНГАН ХОНЬТОЙ БАЙСНААС, ЧАНАРТАЙ 100 ТОЛГОЙ ГЕРЕФОРД ҮХЭР МАЛЛАСАН НЬ АШИГТАЙ-
Нийгмийн зүгээс Ж.Энхбаярыг эрх мэдлээ ашиглан жинхэнэ жижиг, дунд бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайллаа, хувийн бизнесээ төрийн мөнгөөр дэмжлээ гэх шүүмжлэл туйлдаа хүрэв. Ж.Энхбаяр гишүүн тухайн үед “Миний тодорхой хувийг эзэмшдэг компани Монгол үхрийн чанарыг сайжруулах зорилгоор, Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуй эрхэлдэг. Энэ төслийн 20-иод хувийн санхүүжилтийг ЖДҮ-ээс авсан” хэмээн мэдэгдсэн ч олон нийт үүнийг хувийн бизнесээ өмөөрсөн ээлжит тайлбар гэж хүлээн авсан байдаг. Олон нийтийн хардлага, улс төрчдийн маргаан дунд хаягдсан уг хэргийн зангилааг тайлахаар манай сурвалжлах баг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын бэлчээрийг зорисон юм.
Хушаат сумын малчин С.Нармандах өдгөө 170 гаруй Герефорд эрлийз болон үүлдэр сайжирсан цэвэр үхэртэй болж, зөвхөн махаар зарахаас гадна бусад аймгийн малчдад үржлийн бухан бяруу худалдаалдаг томоохон аж ахуйтай болж өргөжжээ.
Тэрбээр “Бид уламжлалт 'Сэлэнгэ' үүлдрийн үхэр дээр Газар Агро ХХК нь оруулж ирсэн 'Герефорд'-ын бух тавьж сүргээ сайжруулсан. Ингэж сайжруулсан үнээ ерөөсөө 43 килограммаас доош жинтэй тугал гаргадаггүй. Би өөрөө Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул хүн. Сэлэнгэ нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхэлж, өндөр ашиг шимтэй үхэр маллах зорилгоор ирсэн. Амьдралын туршлагаас хэлэхэд, бэлчээр талхалж нэг мянган хоньтой байснаас, чанарт нь анхаараад 100 толгой Герефорд, Казахын цагаан толгойт үхэр малласан нь хамаагүй дээр. Өгөөж, ашиг шим нь шал өөр байдаг” хэмээсэн юм.

-ХУУЧИН СЭЛЭНГЭ ҮҮЛДРИЙН ҮХРИЙН ГЕНЕФОНДЫГ ХАМГААЛЖ, ГЕРЕФОРД ҮҮЛДРЭЭР ДАХИН СЭРГЭЭН САЙЖРУУЛАХЫН ТУЛД “ГАЗАР АГРО” КОМПАНИ ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны архивт хадгалагдаж буй 203 дугаартай албан бичиг болон “Газар Агро” төслийн материалыг сөхөв. Төслийн үндсэн нэр нь “Сэлэнгэ үүлдрийн үхрийг сэргээх үржлийн загвар аж ахуй”.
Түүх сөхвөл, Сэлэнгэ мөрний сав газарт "Сэлэнгэ" үүлдрийн үхрийг анх 1954 оноос эхлэн Казахын цагаан толгойт үүлдрээр эрлийзжүүлэн сайжруулж, урт хугацааны селекцийн үр дүнд 1984 онд бие даасан үүлдэр болгон баталсан байдаг. Тухайн үед махны чиглэлийн хамгийн шилмэл суурь сүрэг байсан ч 1990-ээд оны өмч хувьчлалын шуурган дунд үржлийн нэгдсэн бодлого алдагдаж, Сэлэнгэ үүлдэр эрлийзжиж, давжааран устах ирмэгт тулсан байна.
Уг генефондыг хамгаалж, Герефорд үүлдрээр дахин сэргээн сайжруулахын тулд “Газар Агро” компани ЖДҮХС-аас авсан зээлээрээ ОХУ-аас халдварт өвчин, хорио цээрийн хатуу шалгалтыг давж, урт замыг туулан 150 толгой хээлтэй Герефорд үүлдрийн цэвэр гунж, 20 бухыг импортоор оруулж ирсэн байдаг.
Энэ тухай төслийг гардан зохион байгуулж, Оросоос үхэр импортлох ажлыг удирдсан Газар Агро ХХК-ий гүйцэтгэх захирал асан Д.Батжаргалаас тодруулахад "Бид тэр зээлийг 2017 онд авсан. Зээл аваад л шууд Оросоос цэвэр цусны Герефорд үүлдрийн хээлтэй охин бяруунууд авчирсан юм. Гэтэл сошиалаар “ЖДҮ” гээд шуугиад эхэлсэн. Өнөө муу найзыг маань (Ж.Энхбаярыг) элдвээр нь хэлж, бараг л тэр мөнгийг хулгай хийчихсэн юм шиг ярьж эхэлсэн. Тэрнээс болж Ж.Энхбаяр бид хоёр бүр түр тар хийж маргалдсан юм шүү дээ. Найз маань “За, энэ зээлийг төлөхгүй бол болохгүй нь, баахан хэл ам хийгээд гэсэн. Би түүний эсрэг байсан л даа. 'Наад чинь чиний авсан зээл биш, манай компанийн авсан зээл, бид ажлаа хийж байна” гэж маргасан. Тэгээд эцэст нь нөгөө бага хүүтэй зээлийг нь эргүүлж арилжааны өндөр хүүтэй зээл болгож хувиргаад, төрөөс авсан мөнгийг нь хугацаанаас нь өмнө 2018 онд буцаагаад бүрэн төлчихсөн юм. Миний хувьд энэ нь үнэхээр шударга биш санагдаж байсан. Ж.Энхбаяр ЖДҮ-чин биш шүү дээ. Энэ үхэрнүүд чинь ЖДҮ-чин, эд нар аль үжээ тэр ЖДҮ-ийнхээ ажлыг хийгээд 21 аймаг даяар таран түгсэн байна. Өнгрөсөн 10 жилийн хугацаанд маш олон үр төл гарч, олон айлын үхэр сүргийг сайжруулан байна." гэсэн юм.

-ГАЗАР АГРО ХХК ЖДҮ-ЭЭС АВСАН ЗЭЭЛЭЭ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ БҮРЭН ТӨЛСӨН -
Булган аймгийн Сэлэнгэ сумын мал зүйч П.Баттулга“Булган аймгийн Сэлэнгэ суманд 2019 онд "Шинэ Хөдөө" төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн "Газар Агро" компаниас анх 25 Герфорд үүлдрийн бух авч, баг бүрийн таван малчин өрхөд гэрээгээр өгсөн юм. Гэрээний дагуу малчдаас жил бүр авсан эр тугалуудыг бух авч чадаагүй малчин өрхүүддээ дамжуулан нийлүүлж, хүртээмжийг нь нэмэгдүүлсэн. Энэхүү ажлын үр дүнд сүүлийн шатны сэлгэлтийг бүрэн хийж, өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд Герфорд үүлдрийн 200 гаруй сайжруулагч хээлтүүлэгчийг ашиглаж байна” гэлээ.
2018 онд дэгдсэн ЖДҮ-ийн дуулиан, улс төржилтийн шуургаар тус төслийг банк бус санхүүгийн байгууллагатай холбон тайлбарлах зэрэг олон мэдээлэл тархсан ч холбогдох хуулийн байгууллагууд шалгаад “тус мэдээлэл худал” гэдгийг тогтоож байжээ.
Улмаар төсөл улс төрийн маргааны бай болж, бусдыг гүтгэх нь хэрээс хэтэрсэн тул “Газар Агро” компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ хугацаанаас нь өмнө буюу 2018 оны 11 дүгээр сард бүрэн төлж барагдуулан, арилжааны өндөр хүүтэй зээлээр төслөө үргэлжлүүлсэн байдаг.
Улс төржилт дундаас ургасан "ЖДҮчин үхэр" гэх хоч өнөөдөр Сэлэнгэ нутгийн бэлчээрт малын чанар, махны гарцаар батлагдсан бодит баялаг болон үлджээ. Сайн төслийг улс төрөөс ангид үлдээж чадвал үр шимийг нь хамтаар хүртэж болдог гэдгийн амьд жишээ энэ ажгуу.
