ВИДЕО: 14 давхраас унах гэж байсан солонгос ажилчныг аварсан Монгол залуугийн түүх жилийн дараа БНСУ-д ил болжээ

ВИДЕО: 14 давхраас унах гэж байсан солонгос ажилчныг аварсан Монгол залуугийн түүх жилийн дараа БНСУ-д ил болжээ

Өмнөд Солонгосын 14 давхар нэгэн орон сууцны гадна хананд ажиллаж байхдаа хамгаалалтын бүс нь тасарч, өндрөөс дүүжлэгдэн амь насаа алдах аюулд орсон ажилтан руу эргэлзэлгүйгээр гүйж очин, нүцгэн гараараа аварсан Монгол залуугийн баатарлаг үйлдэл БНСУ-д олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөжээ. Учир нь монгол залуугийн энэхүү үйлдэл осол болсноос хойш бараг нэг жилийн дараа олон нийтэд ил болсон байна.

ВИДЕО: 

Тодруулбал, Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн өчигдөр /2026.10.30/-ийн мэдээлснээр, "уг хэрэг өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сарын 14-нд Өмнөд Чүнчон мужийн Дангжин хотын орон сууцны хороололд болжээ. Тухайн өдөр гадна хананд ажиллаж байсан А гэх ажилчны хамгаалалтын бүс тасарч, тэрбээр 14 давхрын өндөрт агаарт дүүжлэгдэн үлдсэн байна. Амь нас нь хормын төдийд шийдэгдэх аюултай нөхцөлд орсон түүний тусламж эрсэн хашхирааныг гудамжны эсрэг талын байранд тавилга нүүлгэж байсан Монгол ажилчин Занданбатын Батбаяр сонсжээ.

Ингээд тэрбээр ажлаа нэн даруй орхин, А-д тусламж үзүүлэхээр гүйсэн байна. З.Батбаяр зөвхөн 119 буюу түргэн тусламж, аврах албанд дуудлага өгөхөөс гадна өөрөө аврах арга зам хайж, А ажилчны дүүжлэгдсэн байр руу шууд очсон байжээ.

Ингээд тухайн байрны хаалгыг дахин дахин тогшиж, тусламж хүссэн байна. Дотор байсан оршин суугч хаалгаа нээмэгц З.Батбаяр тагт руу гарч, хашлага даван доош гараа сунгаж, дүүжлэгдсэн ажилчныг барьж авчээ. Аврах ажиллагаа туйлын эрсдэлтэй байсан байна.

Учир нь А ажилчны нэг гар агааржуулагчид тулсан ч биеийнхээ жинг даах хангалттай хүчгүй болсон байжээ. Айдас, сандралд автсан тэрбээр өөрийгөө тогтоон барих чадвараа ч алдаж эхэлсэн байна. Насанд хүрсэн хүний бүх жинг гараараа тогтоон барьж, дээш татах нь З.Батбаярын хувьд ч асар их хүч, тэсвэр шаардсан аюултай ажиллагаа байсан.  Түүний гар ганцхан удаа алдахад л ажилчин өндрөөс унах эрсдэлтэй байсан эдгийг Ёнхап агентлаг онцолжээ.

Энэ үед З.Батбаяр аврах ажиллагааны турш А ажилчныг тайвшруулахын тулд солонгос хэлээр ярьж, "Надад итгээрэй. Би таныг заавал татаж гаргана" хэмээн урамшуулсаар байсан аж. Эцэст нь тэрбээр бүх хүчээ дайчлан А ажилчныг тагт руу татаж гаргаж чадсан байна.

Ослоос долоо хоногийн дараа тэд дахин уулзаж, А ажилчин амийг нь аварсан Монгол залууд нулимс дуслуулан талархлаа илэрхийлжээ. Энэхүү сэтгэл хөдөлгөм үйл явдал ослоос хойш бараг нэг жилийн дараа буюу саяхан БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан нэгэн хүний мэдээллээр олон нийтэд ил болсон байна.

Өдгөө З.Батбаярын ажилладаг нүүлгэлтийн компанидаа багийн ахлагчаар ажилладаг бөгөөд ажилсаг, хариуцлагатай зангаараа хамт олныхоо хүндлэлийг хүлээдэг нэгэн аж. Тэрбээр гадаадын болон солонгос ажилчдын хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг тухай компанийн төлөөлөгч нь ярьжээ.

Түүний ажилладаг компанийн төлөөлөгч "Ихэнх хүн ийм нөхцөлд 119 рүү залгаад л хүлээх байсан байх. Гэтэл З.Батбаяр ажлаа хийж байхдаа хүн өндрөөс дүүжлэгдэн байгааг хараад огт эргэлзэлгүйгээр гүйж очсон. Тэр бол хамт олонтойгоо эвтэй, бусдад үлгэр дуурайлал болдог хүн" хэмээн ярьсан байна. Харин тухайн үеийг эргэн дурссан З.Батбаяр, "Хэрэв би хурдан туслахгүй бол тэр хүн үнэхээр уначихаж магадгүй гэж бодоод л гүйсэн. Солонгос хүн үү, Монгол хүн үү гэдэг нь надад огт хамаагүй. Тэр мөч рүү дахин буцаж очсон ч аюулд орсон хүнийг харвал би яг адилхан үйлдэл хийх байсан" хэмээн даруухан ярьжээ. Мэдээллийн эх сурвалжийн ЭНД ДАРЖ үзнэ үү. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө