Хүмүүс биеэ өвдөхөөр эмнэлэгт үзүүлдэг ч сэтгэл зүй, сэтгэцийн ямар нэгэн асуудал тулгарахад хойш тавьж, хойрго ханддаг асуудлууд их байдаг. Тэгвэл энэ талаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэд захирал З.Цэндсүрэнтэй хувь хувь өөрийн сэтгэл зүй, сэтгэцээ хэрхэн хамгаалах талаар ярилцлаа.
ВИДЕО:
-СЭТГЭЛ ГУТРАЛД ОРСОН ЭСЭХЭЭ ӨӨРИЙГӨӨ ХЭН НЭГЭНТЭЙ БИШ ӨМНӨХ ӨӨРТЭЙГӨӨ ХАРЬЦУУЛАХ НЬ ҮР ДҮНТЭЙ АРГА-
-Хавар, намрын улиралд хүмүүсийн сэтгэл зүй өөрчлөгддөг гэж олон нийт ярьдаг. Тэгвэл үнэхээр хавар, намрын улиралд ийм асуудал хүмүүст тулгардаг уу?
-Улирлын өөрчлөлт хүний сэтгэл санаанд нөлөөлдөг. Үүнээс гадна хүний амьдралын нөхцөлийн өөрчлөлтүүд хүний сэтгэл санаанд их нөлөөлдөг. Жишээлбэл, хүн ажлаа солих, байраа солих, гэр бүлийн хүрээлэл өөрчлөгдөх, найз нөхдийн хүрээлэл өөрчлөгдөх гээд өөрчлөлтүүд хүний сэтгэл зүйд хариу өөрчлөлт үзүүлж биеэрээ харж, мэдэрч даван туулдаг. Гэхдээ хувь хүн тухайн улирал солигдох үед сэтгэл санаа нь ямар байснаас шалтгаалж биед үзүүлэх хариу урвал нь өөр байдаг.
-Нийгэм хөгжихийн хэрээр иргэдийн амьдралд сэтгэл гутрал гэдэг зүйл улам нэмэгдэж байгаа юу? Сэтгэл гутралд орсон хүмүүс өөрийгөө мэдэлгүй явж байгаад хүндрүүлсэн тохиолдлууд байдаг уу?
-Сэтгэл гутрал гэдэг нэршлийн цаана хэд хэдэн процесс явагдаж байдаг. Харьцангуй эрүүл сэтгэцтэй хүн аливаа амьдралд тохиолдсон том үйл явдалд хариу урвал үзүүлж сэтгэл гутралд орох магадлалтай байдаг. Гэхдээ тодорхой нэгэн хугацааны дараа үүнийгээ даван туйлаад буцаад хэвийн байдалдаа ордог. Хүн сэтгэл гутралд орсон эсэхээ яаж мэдэх вэ гэвэл өөрийгөө хэн нэгэнтэй биш өмнөх өөртэйгөө харьцуулах хэрэгтэй. Өмнө нь найз нөхөдтэйгөө уулзахдаа ямар байдаг байсан, гэрийнхэнтэйгээ хэрхэн харьцаж байсан гээд энэ болгоны харьцуулж бодох хэрэгтэй. Мөн танай гэр бүлийн хэн нэгэн сэтгэл гутралд орохоос сэргийлж үргэлж ажиглаж байх шаардлагатай. Ямар нэгэн байдлаар олон нийтийн харилцаанд орох тохиолдол нь хумигдаж байвал сэтгэл гутралын шинж тэмдэг эхэлж байна гэсэн үг. Энэ үед хамгийн түрүүнд өөрөө даван туулахыг хичээж болно. Эсвэл мэргэжлийн сэтгэл зүйч болон наад захын эмчид хандахад анхан шатны эмчилгээг хийгээд, шаардлагатай эмнэлэгт нь шилжүүлнэ.

-СЭТГЭЛ ГУТРАЛЫН ЭМГЭГ ИДЭР, ЗАЛУУ НАСАНД ГОЛ ТӨЛӨВ ИЛЭРЧ БАЙНА-
-Сэтгэл гутралаа хүн өөрөө даван туулахын тулд юун дээр анхаарах ёстой вэ?
-Хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралын үед хамгийн түрүүнд хийж болох зүйл бол дасгал хөдөлгөөн. Дасгалаар дамжуулаад хүний сэтгэл, санаа илүү өөдрөг, тайван болдог. Мөн уураглаг хоол хүнс хэрэглэх ёстой. Тархинд хамгийн их хэрэгтэй зүйл бол уураг байдаг. Үүн дээр нэмэхэд, та хэзээ ч нойргүй хонож болохгүй. Амьдралын өөрчлөлт, асуудлууд болж байгаа бол та үргэлж нойроо дэмжих хэрэгтэй байдаг. Жишээлбэл, эрт орондоо орох, гэрлээ унтрааж харанхуй орчин бүрдүүлэх, өөрийн биеийн 10 хувь орчимд таарсан хүнд хөнжил нөмрөх, орой утаснаасаа хол байх гээд хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ойр тойрны хүмүүс сэтгэл гутралтай тэмцэж байгаа хүнээ үргэлж дэмжих шаардлагатай. Чи иймхэн юманд шантраад байгаа юм уу, чи ямар ганцаараа хэцүү байгаа юу гэх мэт үгсийг хэлж, ойлгохгүй байвал тухайн хүний сэтгэл гутралыг улам хүндрүүлэх эрсдэлтэй.
-Хүн биеэ өвдөөд эхлэхээр эмнэлэгт үзүүлдэг. Тэгвэл хүмүүс сэтгэцээ үзүүлэх тал дээр хойрго ханддаг уу?
-Хүмүүс сэтгэцийн асуудлаа хойш тавьж байж л ирдэг. Гэхдээ 2020 оноос хойш хүмүүсийн сэтгэл зүйдээ анхаарч байгаа байдал сайжирч байна. Үүнд цахим орчинд гарсан сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх зарим мэдээллүүд нөлөөлж байгаа гэж хардаг. Хэдий тийм ч гэсэн ханиад хүрвэл эдгээхийн тулд шууд эм уудаг шиг түвшинд бол хүрээгүй байгаа.
-СЭМҮТ-д үзүүлж байгаа, сэтгэл гутралтай гэж оношлогдож байгаа хүмүүсийн нас, хүйсээр нь авч үзвэл аль түвшиндээ гол асуудал байна вэ?
-Сэтгэл гутралын эмгэг бол идэр залуу насанд голцуу илэрдэг. Манай эмнэлгийн ядаргааны тасагт гол төлөв стрессээс гаралтай сэтгэцийн хариу урвалд орсон хүмүүс хэвтэн эмчлүүлдэг. Одоогийн нөхцөл байдлаас манай эмнэлэгт үзүүлэх гэж байгаа хүмүүсийн дараалал их байгааг харвал сэтгэл зүйн асуудалтай хүн их байна гэж харж болох байх.
-Сэтгэл гутралд орсон гэдгээ мэдэхгүй, мэдэж байсан ч тоохгүй яваад байх юм бол эцэстээ ямар байдалд хүрэх эрсдэлтэй вэ?
-Богино хугацаанд бол хөдөлмөрийн чанар алдагдана. Жишээлбэл, тухайн хүний мөнгө санхүү, нийгмийн харилцаа гээд маш олон зүйлсээ алдаж байдаг. Сэтгэцийн процесс бол хүний амьдралыг авч явж байгаа гол зүйл. Юу хийх зэрэг зөвхөн сэтгэцийн байдлаас л шалтгаалж байгаа. Сэтгэл гутралаа хожуу мэдээд улам хүндэрсэн тохиолдлууд байдаг. Гэхдээ хугацаа алдлаа гээд огт эдгэхгүй зүйл биш. Тодорхой хэмжээнд эмийн эмчилгээ хийх шаардлагатай л гэсэн үг.

-ТӨРӨХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГААГҮЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ БАГА ЭМЭГТЭЙЧҮҮД ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛД ОРОХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ-
-Монголчуудын нэг нийтлэг ойлголт байдаг. “Эр хүн байж уйллаа”, “эрэгтэй хүн байж иймхэн зүйл шантарч болохгүй” гэх яриа олон нийтийн дунд байдаг. Үүнээс шалтгаалж эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү сэтгэлд гутралд ордог уу?
-Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч байгаа байдал мэдээж сул байна. Манай эмнэлгийн зүгээс эрэгтэйчүүддээ зохиулсан мэдээллийг илүү түгээж байгаа. Үүнийг илүү олон давтамжтай цаашдаа ч хийх хэрэгтэй. Эхлээд хэрхэн сэргийлэх вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулж мэдээллээ түгээх хэрэгтэй. Хэрэв сэтгэл гутралд орсон бол мэргэжлийн эмчийн хийх ажил болчихно.
-Жирэмсний үеийн сэтгэл зүйн хямрал, жирэмсний дараах сэтгэл зүйн гутрал гээд ярьдаг. Энэ сэтгэл зүйн асуудал жирэмсэн хүн болгонд тохиолддог уу? Гэр бүлийн хүмүүс хэрхэн анхаарах вэ?
-Төрөх бэлтгэлээ хэр базааснаас эхлээд нөлөөлдөг зүйл олон бий. Бэлтгэлгүй байдлаас болоод хүүхэд өвдөх, нойргүй хонох гэх мэт зүйлүүд сэтгэл зүйн хямрал үүсгэх магадлалыг нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Мөн ээжийн эрүүл мэндийн боловсролын байдал маш чухал. Хүүхэд төрж байгаа, жирэмсэлж байгаа процесс бол нэг хүний асуудал биш. Хүн болгон сэтгэцийн асуудалд орно гэсэн үг биш тухайн хүний бэлтгэлээс л хамаарна. Гэхдээ зөвхөн ээжид анхаарал хандуулах биш нөхөрт ч гэсэн анхаарал халамж чухал.
-Сэтгэл гутралд орсон гэж оношлогдоод яг одоо СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хэдэн хүн байгаа вэ?
-Олон улсын сэтгэцийн ангилалаар сэтгэл гутралтай гэж оношлогдоод явж байгаа хүн манай эмнэлгийн 550 орны 10 хүрэхгүй л хувь байна. Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарна гэдэг нь заавал үзлэг оношилгоо хийлгэхдээ биш. Миний сэтгэцэд юу сөргөөр нөлөөлж болох вэ гэдгийг уншиж судлах нь хамгийн чухал.
-Эрүүл байгаа хүн өөрийн сэтгэцээ хэрхэн хамгаалах вэ?
-Тархинд орж байгаа мэдээллээ оновчтой байлгах хэрэгтэй. Нийгэм ил байгаа бүх зүйлсийг өөр дээрээ хүлээж авах шаардлагагүй. Одоо цагтаа зорилготой амьдрах хэрэгтэй. Гэтэл бид нар ядаг вэ гэвэл өнгөсөн дурсамжиндаа, ирээдүйд санаа зовох сэтгэл түгшилтэндээ ухамсар нь явчихаад байдаг.
-Ярилцсанд баярлалаа
