СУРВАЛЖИЛГА: “Нүхтийн ам”-нд байдаг янгирын тоо толгой 400 орчимд хүрсэн бөгөөд “зэрлэг” нохойнд бариулах тохиолдол цөөнгүй гардаг байна

СУРВАЛЖИЛГА: “Нүхтийн ам”-нд байдаг янгирын тоо толгой 400 орчимд хүрсэн бөгөөд “зэрлэг” нохойнд бариулах тохиолдол цөөнгүй гардаг байна

Богдхан уул нь Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчныг бүрдүүлж, Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амаас жижиг гол горхи эх аван урсаж, зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хөрсөнд шингэдэг. Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан, 54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Тэгвэл манай сурвалжлах баг энэ удаа Богдхан уулын Нүхтийн аманд орчимд байдаг янгир, буга зэрэг амьтдын өвөлжилтийн бэлтгэлийн талаар энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО: 

Сурвалжлах баг нүхтийн аманд 17 цаг орчмын үед очсон бөгөөд цас орсон байсан учир 20 орчим тоо толгой буган сүрэг уулын энгэр суурьшлын бүс рүү буусан байв. Харин бидний зорьж ирсэн янгир маань уулын гүн рүү орсон байх хэмээн байгаль хамгаалагч хэлж байсан ч хоёр тэх уулын гүнээс уруудан орж ирсэн байдаг. Байгаль хамгаалагчийн хэлж буйгаар саяхан нийллэг нь дууссан учраас эр эмээрээ салаад эхэлсэн байгаа гэв.

"Нүхтийн ам"-нд анх 1985 онд Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулнаас таван тэх, найман эм ямаа, хоёр борлон, мөн 2004, 2009 онуудад Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас цус сэлбэх зорилгоор 2-4 насны тус бүрдээ гурав гурван янгир авчирч нутагшуулсан ажээ. Харин одоо тэдний тоо толгой нь 400 гаруй болж өссөн байна. Мөн тус бүс нутагт байгаа янгируудаас Архангай, Хөвсгөл, Завхан зэрэг аймгуудад суурьшуулсан талаар Богдхан уулын байгаль хамгаалагч П.Мөнхтөр ярьсан юм.

Тэрбээр, “Энэ жил янгир суурьшуулахаар ийш тийш авч явсангүй. Өнгөрсөн жил болон тэрний өмнөх жилүүдэд Архангай, Хөвсгөл, Завхан зэрэг газрууд руу авч явж байсан. Энэ жилийн хувьд буга, янгир зэрэг амьтаддаа өгөх өвсөө хадаад бэлдчихсэн байгаа. Арваннэгдүгээр сар гараад цас ир ороод эхэлбэл өвс, хужраа тавьж өгч эхэлнэ. Хавар болж, ядраад эхлэхээр нь мөн биотехникийн арга хэмжээ авдаг. Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол гол ус руугаа дураараа орж чаддаггүй амьтад үхэж үрэгдэх нь ихэснэ.

Одоогоор бол Нүхтийн аманд буга, янгир, тарвага зэрэг амьтад байдаг. Эдгээр амьтдын хамгийн гол дайсан нь хэдэн жилийн өмнө зэрлэг нохой болсон байсан. Зэрлэг нохой бол чононоос аюултай юм билээ. Хаврын цагт ядарсан янгир зэргийн сүргээрээ бариад л идчихдэг байсан. Сүүлийн жилүүдэд харин устгал хийгээд тоо толгой нь нэлээдгүй багасаж байна. Гэхдээ хоттой ойрхон байгаа учраас огт байхгүй болохгүй л байна” гэв.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө