Жолооны үнэмлэх гаргаж өгнө гэх хуурамч зарын улмаас 2026 онд 23 хүн залилуулжээ

Жолооны үнэмлэх гаргаж өгнө гэх хуурамч зарын улмаас 2026 онд 23 хүн залилуулжээ

Нийслэлийн хэмжээнд жолооны үнэмлэх гаргаж өгөх, жолоодох эрхийн ангилал ахиулах нэрээр иргэдийг залилсан 23 хэрэг 2026 онд бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, дээрх хэргүүдийг илрүүлж, 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Харин 2025 онд энэ төрлийн 29 гэмт хэрэг бүртгэгджээ.

Сүүлийн жилүүдэд жолооны үнэмлэх гаргуулж өгөх, ангилал ахиулах тухай хуурамч зар цахим орчинд ихээр тархах болсон. Иргэд эдгээр зарын дагуу 150 мянгаас нэг сая төгрөг хүртэлх мөнгөөр залилуулах эрсдэлтэй байгааг анхаарууллаа.

Нийслэлийн хэмжээнд автосургалтын байгууллага төгссөн иргэдээс өдөрт дунджаар дүрмийн болон хотын жолоодлогын шалгалтад 400, тусгай жолоодлогын шалгалтад 40 орчим хүн хамрагддаг байна. Эдгээр иргэдэд жолооны үнэмлэхийг хэвлэх, олгох үйл ажиллагааг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын зөвшөөрөлтэй үйлчилгээний төв улсын хэмжээнд хариуцан зохион байгуулдаг бөгөөд бусад иргэн, аж ахуйн нэгж ийм үйлчилгээ эрхлэх боломжгүй юм. Иймд жолооны үнэмлэх гаргаж өгөх, ангилал ахиулах тухай цахим зар сурталчилгаанд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөжээ.