ОХУ-ын Эрхүү хотод байрлах Тахал эсэргүүцэх эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант, 28 настай эмэгтэй уушгины хүнд үрэвслийн улмаас гэнэт нас барсан явдал олон улсын анхаарлыг татаж, "уушгины тахал" дэгдсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал үүсгээд байгаа юм.
Гадны хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, талийгаач лабораторид ажиллаж байхдаа амьд тахлын нян агуулсан шилэн гуурсыг алдаж хагалсан ослын улмаас халдвар авсан байж болзошгүй гэх таамаглал байгаа юм. Хөрш Буриад улсын тэргүүн Алексей Цыденов анх олон нийтийн сүлжээндээ "уушгины тахлаар нас барсан" гэж бичсэн ч, ОХУ-ын эрүүл мэндийн хяналтын "Роспотребнадзор" байгууллагаас үүнийг албан ёсоор үгүйсгэж, шинжилгээгээр тахлын нян илрээгүй, "шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" гэж оношилжээ.
Энэхүү үйл явдлын улмаас талийгаачийн хэвтэн эмчлүүлж байсан Шелехов хотын халдвартын эмнэлэгт яаралтай хөл хорио тогтоож, хавьталд орсон 190 гаруй хүнийг тусгаарлаад байна. Мөн Эрхүү хотод холбогдох таван эмнэлэгт хөл хорио тогтоожээ. Олон улсын шар хэвлэлүүдээр хоёр дахь хүн нас барсан гэх мэдээлэл гарсан ч BBC, CNN зэрэг томоохон агентлагууд үүнийг батлаагүй бөгөөд зөвхөн нэг нас баралт бүртгэгдсэнийг онцолж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Цагаан ордон болон Өвчний хяналт, сэргийлэлтийн төв нөхцөл байдлыг цаг тутам хянаж байгааг мэдэгдээд, ОХУ-ыг энэ асуудалд ил тод байхыг уриалжээ. ДЭМБ ОХУ-аас албан ёсны мэдээлэл хүссэн бөгөөд одоогоор дэлхий дахинд үүсэх эрсдэлийг "бага" гэж үнэлж байна. Монгол Улсын Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс манай улсад үүсэх эрсдэлийг мөн "бага" гэж дүгнэж, хилийн цэгүүдэд тандалт, хяналтыг сайжруулаад байна.