2024 оны долдугаар сард Дорноговь аймгийн Хатанбулаг суманд малын өвчин гарсан байж болзошгүй дуудлага тус сумын мал эмнэлгийн газарт ирсний дагуу шинжилгээ хийж, малын цусан суулга өвчин хэмээн оношилж, хязгаарлалтын дэглэм тогтоож, хариу арга хэмжээ авсан ч тодорхой үр дүнд хүрээгүй учир 2024 оны есдүгээр сарын 28-нд УМЭЕГ-аас ажлын хэсэг очиж ажилласан бөгөөд ямааны гоц халдварт "Годрон" өвчин гарсан нь энэ сарын 10-ны өдрийн шинжилгээгээр баталгаажиж байжээ. Харин энэ жил годрон өвчин дахин дэгдэж Төв аймгийн Алтанбулаг болон Говь-Алтай аймгийн зарим сумдуудаар гараад байна. Тэгвэл манай сайтын сурвалжлах баг годрон өвчий нөхцөл байдлын талаар газар дээрээс нь сурвалжиллаа.
ВИДЕО:
Годрон өвчин гэдэг нь уушиг, гялтангийн үрэвсэл, өндөр халуурах байдлаар зонхилон ямаанд илэрдэг цочмог явцтай, хавьтал халдварт өвчин юм. Годрон өвчнөөр зөвхөн ямаа өвчлөх бөгөөд бусад төрлийн мал өвчилдөггүй онцлогтой. Ямаа нь нас, хүйс, үүлдэр, угсаа харгалзахгүйгээр өвчлөх боловч өсвөр насны ямаа илүү өвчлөмтгий байдаг аж. Мөн янгир ямаа өвчилнө. Өвчин гарсан суурь сүргийн ямаа толгой дараалан өвчилж үхдэг тохиолдлууд олон тохиолддог байна. Ердийн нөхцөлд халдвар агаар дуслын замаар дамжих бөгөөд бэлчээр, ус нэгтэй газарт халдварт богино хугацаанд сүрэгт тархдаг.
ISee.mn сурвалжлах Төв аймгийн Алтанбулагийн годрон өвчин гараад буй газарт очих үед ямааг устгалд оруулчихсан булж байсан юм. Тухайн газар байсан холбогдох албан тушаалтнаас тодруулахад, “Годрон өвчин 1960-аад оноос өмнө идэвхтэй гардаг байсан ч түүнээс хойш огт гаргаагүй байж байгаад 2024 онд Дорноговь аймгийн хилийн хоёр суманд бүртгэгдсэн. Тухайн үед ямар нэгэн вакцин байгаагүй учир шууд устгалд оруулж годрон өвчинг дарж байсан. 1960-аад оноос 2024 ны хооронд огт тус өвчин бүртгэгдээгүй учраас вакцин үйлдвэрлэлээ 2013 онд зогсоож байсан гэсэн. Одоогоор энэ өвчинд хийх вакцин зэрэг зүйл байхгүй бөгөөд устгалд оруулсан малаас дээж авч, вакцин гаргаж авахаар ажиллаж байна” гэлээ.

Годрон өвчин нь Төв аймгийн Алтанбулаг суманд хоёр айлын сүрэгт илрээд байгаа бөгөөд тус хоёр айлын 700 орчим толгой ямааг одоогийн байдлаар устгалд оруулаад байна.
Тус хоёр айлын хувьд ойролцоогоор 2 орчим километрийн зайтай бөгөөд нэг өдөр хонь нь нийлснээс үүдэн тус өвчин тархсан байж болзошгүй талаар 300 орчим ямаагаа устгуулаад байгаа малчин ярьсан юм. Тэрбээр, “Манай хойд айлд хамгийн анх гарч, голомт нь болсон. Өвчин гарч, хорио тогтоохос өмнө манай хоёрын хонь нийлсэн. Энэнээс болж манай ямаанууд годронгоор өвчилсөн байж магадгүй. Годрон туссан ямаа биеэ хураагаад хөдөлгөөн нь удааширдаг, амархан амьсгааддаг юм билээ. Манай 300 орчим ямаанаас 100 орчимд нь тус хэв шинж илэрч ямар нэгэн вакцин байхгүй, эдгэрэх боломжгүй гээд бүгдийг нь устгасан. Төлбөр мөнгийг нь яахыг одоогоор тодорхой мэдэхгүй л байна. Бид ямар хөөцөлдөж чадах биш Мал, эмнэлгийн хүүхдүүд хөөцөлдөж өгнө гэсэн” гэлээ.

Одоогоор годрон өвчин юунаас болж гарсан эсэх шалтгааныг тогтоогүй байгаа бөгөөд Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Төв аймгийн Алтанбулаг суманд ямар нэгэн хөл хорио тогтоогоогүй байгаа бөгөөд зөвхөн годрон гараад буй хоёр айлын орчмоор хязгаарлалт хийсэн байна. Мал эмнэлгийн байгууллагаас ойр орчимд байх айлын сүрэгт байнгын ажиглалт хийж байгаа бөгөөд тархалтыг зогсоохоор ажиллаж байна. Иймд малчин ард иргэдийн хувь өөр нутаг руу отроор явахгүй байх, мал сүрэгт тань годрон өвчингийн дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай сумын болон аймгийн мал эмнэлгийн байгуулагт хандаж сонор сэрэмжтэй байхыг анхааруулах зорилгоор энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.