Орон сууцны хямралтай холбоотойгоор Испанид эсэргүүцлийн жагсаал болжээ

Орон сууцны хямралтай холбоотойгоор Испанид эсэргүүцлийн жагсаал болжээ

Хүн амыг хүртээмжтэй орон сууцаар хангахыг эрх баригчдаас шаардсан эсэргүүцлийн жагсаал цуглаанууд бямба гарагт Испанийн томоохон хотуудад болсон тухай Европын Холбоон дахь Kazinform агентлагийн сурвалжлагч мэдээллээ.  

Засгийн газраас өргөн барьсан “Түрээслэгчдийг хамгаалах тухай” хуулийн төслийг парламент буцаасны маргааш нь жагсаал цуглаанууд болсон байна. Ийм үед парламентын ээлжит бус сонгууль явуулах боломжийг Ерөнхий сайд Педро Санчес судалж байгаа ажээ. Түүний удирдсан Социалист нам ба социалистуудын “Sumar” бүлгээс бүрддэг эвсэл парламентад олонх болж чадаагүй юм. Хамгийн том жагсаал Мадрид хотод болсон бөгөөд жагсагчид дөрвөн талаас Сибелесийн талбайд ирж нэгджээ. Ажиллагааг зохион байгуулсан Түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлээс “цуглаанд 500 мянган хүн оролцсон” гэж мэдэгдсэн бол засгийн газрын мэдээлэлд “70 мянган хүн оролцсон” гэсэн байна.  Эсэргүүцлийн ажиллагаа Барселона, Валенсиа, Сарагос, Малага болон бусад 50 орчим хотод болжээ. Ихэнх хотод тайван байдлаар жагссан бол Валенсиа хотод жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн дэгдсэн байна.

Есдүгээр сарын сүүлчээр Мадридын Ретиро дүүрэгт 87 настай Марикармен Абаскаль гэдэг эмэгтэйг орон сууцнаас нь хүчээр гаргасны дараа дэгдсэн эсэргүүцлийн ажиллагаануудын үргэлжлэл нь энэ удаагийн жагсаал цуглаанууд юм. Абаскалийн гэр бүл уг байрыг 1956 оноос хойш түрээсэлж ирсэн бөгөөд байрыг худалдан авсан хөрөнгө оруулалтын компани түрээсийн төлбөрийг хэд дахин өсгөжээ. Төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй тэтгэврийн иргэнийг дамнуурга дээр тавин гудамжинд гаргасан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн билээ. Өнгөрсөн баасан гарагт Испанийн парламент хоёр хуулийн төслийг буцаасан байна. Эдгээр төсөлд эмзэг бүлгийн түрээслэгчдийг 2030 он хүртэл байрнаас нь гаргахгүй байх, түрээсийн гэрээг сунгах, богино хугацаагаар, өрөөгөөр нь түрээслүүлэх журмыг нарийвчлан боловсруулах гэх мэт заалтууд орсон байжээ.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө